Залуучуудын уур амьсгалын өөрчилөлтийн эсрэг идэвхтэй тэмцэл нь дэлхий дахинаа өргөжөөд байгаа юм. Дэлхийн өөр өөр бүсэд тэмцэл өрнүүлж буй хүсэл тэмүүллээр дүүрэн 5 залуухан эмэгтэйг танилцуулж байна.
Леа Намугерва

Леа Намугерва 8-р сард 15 насны төрсөн өдрөөрөө 200 мод суулган тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ингэснээрээ эх орондоо учраад буй хүрээлэн буй орчины бохирдолд анхаарал хандуулахыг зорьсон байна.
Тэрээр Уганда улсын хойд хэсэгт өргөн тархсан өлсгөлөнгийн эсрэг ямар нэг зүйл хийхийг бусдад уриалсан нь энэ аж. Урт удаан үргэлжилсэн ган гачиг асуудлыг улам дордуулсан бөгөөд нутгийн зүүн хэсгүүдэд хөрсний нуралт үүссэн байна.
“Манай улс оронд хүрээлэн буй орчны маш олон асуудал байгаа ч би хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл хэн нэгэн энэ тухай ярьж байгааг бараг л олж харахгүй байна.Хэвлэллээр улс төр болон алдартнуудын хов живийг л мэдээллэдэг. Хүрээлэн буй орчны асуудал дээрх чимээгүй байдал, шударга бус үйлдэл нь санаатай явдал. Ихэнх хүмүүс байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийж байгаа ч түүнийгээ огт тоодоггүй. Насанд хүрэгчид энэ асуудалд манлайлан оролцох янзгүй байгааг би анзаарч өөрөө сайн дураараа ажиллахаар болсон юм. Байгаль орчны шударга бус байдал нь миний хувьд шударга бус явдал юм.” хэмээн тэр хэлжээ.
Леа бол Ирээдүйн төлөөх Баасан гараг хөдөлгөөний цөөн тооны идэвхитнүүдийн нэг бөгөөд хүний эрхийн ажлаараа Эмнести Интернэшнлийн шагнал хүртсэн билээ. Уганда дахь Ирээдүйн төлөөх Баасан гараг бол Африкийн тэргүүлэх хөдөлгөөн юм. Тэр 5 дахь өдөр болгон тэмцэл хийж бүс нутгийн нийслэлүүдэд илтгэл тавьдаг.
Тэрээр нийслэл Кампала дахь гялгар уутны хэрэглээг хориглохыг уриалах аяныг тэргүүлэхийн сацуу уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ойгүйжилт, ган, үерийн асуудлыг дэлхий нийтэд гарган тавьж анхааруулдаг.
“Хэрэв насанд хүрэгчид энэ асуудалд манлайлан оролцохгүй гэвэл би болон надтай хамтран зүтгэгч хүүхдүүд манлайлах болно. Яагаад би, нүдний минь өмнө болоод буй энэ хүрээлэн буй орчны шударга бус байдлыг зүгээр хараад сууна гэж?” хэмээн тэр Руандагийн нийслэл Кигалид үг хэлж олон нийтийн хүндэтгэлийг хүлээжээ.
Артемис Хакриаба

Ирээдүйн төлөөх баасан гараг бол зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх аян биш.
Артемис Хакриаба бол 19 настай, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын идэвхитэн бөгөөд Бразил улсын Хакриаба нутгийн уугуул иргэдийн төлөөлөл юм.
Артемис дор хаяж 25 сая уугуул иргэд, мөн Нью Йорк-ийн дэлхийн уур амьсгалын эсрэг тэмцэл дахь Нутаг дэвсгэрийн хамтын нийгэмлэгийн уламжлалт холбоодыг төлөөлж байна. Энэхүү холбоо нь Амазон ширэнгэн ойд 600 сая га газрыг хамгаалдаг.
Грета Тунбергтэй зэрэгцээд Артемиса дэлхийн хамгийн том ширэнгэн ойг хамгаалахын төлөө тэмцэж, өөрийн дуу хоолойгоо хүргэсэн.
“Амазоны ширэнгэн ой шатаж байна. Ган гачиг болох магадлал нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Засгийн газрын бодлого, хариуцлагагүй байдлаас болж дан ганц Амазон төдийгүй Бразилын 5 томоохон ургамал, амьтны аймгуудад ойгүйдэж, улам их хор хохирол жилээс жилд учирсаар байна. Уур амьсгалын өөрчлөлт нь засгийн газрын хариуцлагагүй байдлын үр дагавар болохын сацуу гал түймэр улам газар авах шалтгаан болж байна.
“Амазоноос гадна Индонез, Африк, Хойд Америкийн ой шугуйдад нүүрлээд буй аюул бид бүгдийн амьдралд нөлөөлж байна.Уугуул иргэд бид бол байгаль эхийн үр сад. Тиймээс бид эх дэлхийнхээ төлөө тэмцэнэ. Учир нь эх дэлхийн төлөө тэмцэх нь бусад тэмцлийн эх юм. Бид та бүхний амьдралын төлөө тэмцэж байна. Бид өөрсдийн амьдралын төлөө тэмцэж байна. Бид өөрсдийн ариун нутаг орныхоо төлөө тэмцэж байна. Гэвч бид тэмцсэнийхээ төлөө хавчигдаж, заналхийлүүлж, амь насаа алдаж байна. Бид уугуул иргэдийн дахин нэг ч дусал цус урсахыг зөвшөөрөхгүй.” хэмээн тэрээр өгүүлсэн юм.
Артемис уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж буй дэлхий даяарх олон мянган залуучуудад талархаж буйгаа Guardian цахим мэдэллийн хуудсанд мэдэгдсэн байна.
“Бид ирээдүйгээ өөрчилж чадна, гэхдээ үүний тулд биднийг сонсож, хүндэтгэх ёстой."
Отом Пелтиер

Усны дайчин хэмээн хочилдог Отом нь цэвэр усны ухуулгаараа алдартай, 14 настай Канадын уугуул иргэдийн идэвхтэн юм. Тэрээр Анхны Улс Wikwemikong-ийн Anishinaabe бүлгийн гишүүн.
Тэр 13 настайдаа усны хамгаалалтын асуудлаар НҮБ-ын удирдагчдад хандсан юм.
Канадын олон уугуул газар нутагт усны нөөц бохирдолтой байж болзошгүй хэмээн ард иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө буюу ус буцалгах зөвлөгөөнүүд өгдөг. Хэдийгээр угаалга хийхэд тэрхүү усыг ашиглах нь аюулгүй байж болох ч буцалгалгүйгээр унданд хэрэглэвэл дотор муухайрах, хавагнах, гүйлгэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч цаашлаад булчин задрах тахал, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг усаар халдварлах өвчнөөр өвчлөх эх үүсвэр болдог аж.
Отом анх 8 настайдаа усанд асуудал байгааг анзаарсан байна.
Тэрээр 2018 онд НҮБ-д тавьсан илтгэлдээ: “Хэдийгээр би одоог хүртэл нуурын уснаас ус уудагтаа баяртай байдаг ч миний амьдардаг газраас холгүйхэн хүмүүс ус буцалгах зөвөлгөөгөөр амьдарч байна. Би өөрөөсөө яагаад ийм байгаа юм бэ? Яагаад манай муж улсад гэж? Яагаад миний эх оронд гэж? гэж үргэлж асуудаг.
Отом Дэвид Сузуки сангаас олон улсын хүүхдийн энхтайвны шагналд нэр дэвшсэн.
Исра Хирси

Исра бол АНУ-ын Залуучуудын Уур Амьсгалын эсрэг Тэмцэл – ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, 16 настай охин. Түүний ээж бол Илхан Омар, АНУ-ын Конгрессын гишүүн бөгөөд Миннесота мужаас сонгогдсон анхны өнгөт арьст эмэгтэй, мөн анхны лалын шашинт хоёр эмэгтэйн нэг юм.
Исра харилцан хамааралд гол анхаарлаа хандуулдаг. Өнгөт арьстнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүүтэйгээр өртдөг. Тэрээр өнгөт арьстай залуус өөрсдийгөө харуулж чадах хөдөлгөөн бий болгохыг хүсдэг.
Хотод өссөн тул Исра байгальтай гүн холбоотой биш ч энэ нь уур амьсгалын өөрчлөлт түүнд нөлөөлөхгүй гэсэн үг биш юм.
“Бид энэхүү хямрал өнгөт арьстнууд, уугуул болон бага орлоготой иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэг их анхаарч үзэхгүй байна.” гэж тэрээр хэлжээ.
Энэ асуудал бүх газрыг хамарч буйн адилаар Миннэсотад ч тулгараад байна. Хойд Миннэполисд астма өвчний бүртгэл нэмэгдэж, орлого багасч, агаарын бохирдлын асуудал улам дордож байгаа ба дээрээс нь усны шугам хоолой цуурсан бөгөөд уугуул нутгаар дамжин урссаар байна.
“Бид энэхүү уур амьсгалын хямралын талаар ярихдаа нөлөөлөлд өртөөд байгаа эдгээр иргэдийг огт авч хэлэлцдэггүй. Тиймээс бид өөрсдөө л энэ асуудлыг зөвхөн цагаан арьстнууд тойрон ярихад хүргэснээр тэндээс гарах шийдвэр нь өнгөт арьстнууд, уугуул нутгийн иргэдийг анхаарахгүй орхигдуулдаг. ”
Ридхима Панди

Харидуор-аас гаралтай Ридхима дөнгөж 11 настайдаа Энэтхэгийн засгийн газрийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой арга хэмжээ ав хэмээн шаардаж байв.
Тэрбээр Герман, Франц, Бразил, Аргентин, Туркийн эсрэг уур амьсгалын хямралыг шийдэж чадахгүй байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг хэмээн гомдол гаргасан 16 хүүхдийн нэг юм.
Ридхима төрөлх хот нь жилээс жилд улам халуун болж, хуурайшиж байгааг анзаарчээ. Уур амьсгалын өөрчлөлт нь Энэтхэгийн усны эх үүсвэрийг улам бүр хорогдуулж, хүн амын эрүүл мэндэд ч нөлөөлөх болно.
“Би илүү дээр ирээдүйг хүсч байна. Би өөрийнхөө ирээдүйг авармаар байна. Би өөрсдийн ирээдүйг авармаар байна. Би ирээдүй үеийнхний бүх хүмүүс, хүүхдүүдийг аврахыг хүсч байна.”
Эх сурвалж: www.amnesty.org.uk