ЭИ-ИЙН ТАЛААРХИ АСУУЛТ ХАРИУЛТ

А: Яагаад Эмнести Интернэшнл эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлаар ажилладаг вэ?

“Хүний бүх эрх түгээмэл, хуваагдашгүй, харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдаг. Олон улсын хамтын нийгэмлэг аливаа хүний эрхийн асуудалд дэлхий нийтээр шударга, тэгш эрхийн үндсэн дээр ижил нөхцлөөр, адилхан ач холбогдол өгч хандах ёстой.”
- 1993 оны 6-р сарын 25-нд Дэлхийн Хүний Эрхийн Бага Хурлаас баталсан Венийн Үйл Ажиллагааны Хөтөлбөр ба Тунхаглал

Х: Гишүүдийн гаргасан санаачилгын дагуу 2001 онд Эмнести Интернэшнл олон улсын хэмжээнд тус байгууллагын бүрэн эрхийг илүү уян хатан эрхэм зорилгод багтаан тодорхойлсон юм. Эмнести Интернэшнлийн шинэ эрхэм зорилгод хүний эрхийг ноцтойгоор зөрчихийн эсрэг тууштай тэмцэх ажлын хүрээнд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудал багтах болсон. Үүний өмнө Эмнести Интернэшнл хүний эрхийн харилцан хамаарал болон эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн утга учрын талаар сургалт явуулдаг байсан боловч эдгээр эрхийн талаар идэвхитэй кампанит ажил явуулж байгаагүй билээ.

Эмнести Интернэшнл эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлыг өөрийн судалгаа, үйл ажиллагаа, кампанит ажилдаа илүү өргөн хүрээнд хамруулан оруулах стратеги боловсруулах эхний үе шатандаа явж байна. Манай байгууллага харилцан хамааралтай байх зарчмыг хөгжүүлэхийг эрмэлздэг тул хүний эрхийн бүх ажилдаа аливаа эрхийг эрэмбэлж дугаарлалгүй, адил тэгш хандах болно.

Харилцан хамаарлын зарчим гэдэг нь хүний бүх эрхийг иргэний, соёлын, эдийн засгийн, улс төрийн буюу нийгмийн эрх гэдгээс үл хамааран бие биетэйгээ нягт холбоотой бөгөөд бие биеэс нь салган авч үзэж болохгүй гэсэн утгатай. Хүний эрх гэдэг нь бүх хүмүүс тодорхой эрхүүдийг хүн болон төрснөөрөө эдлэх эрхтэй байдаг гэсэн үзэл санаан дээр үндэслэдэг. Хүний эрхийг энэ нь илүү чухал, тэр нь илүү хэрэгтэй хэмээн эрэмбэлэн ялгаж болохгүй.

Шинэ эрхэм зорилгынхоо дагуу Эмнести Интернэшнл илүү өргөн хүрээнд хүний эрхийн зөрчлийн асуудлаар ажиллах боломжтой боллоо. Жишээ нь, Эмнести Интернэшнл хоол хүнсээр (ХЭТТ-ын 11-р зүйл) болон шаардлага хангасан амьдралын нөхцлөөр хангагдах эрх (ХЭТТ-ын 25-р зүйл), тайван замаар жагсаал цуглаан хийх эрх (ХЭТТ-ын 20-р зүйл), дур мэдэн баривчлах, саатуулахаас чөлөөтэй байх эрх (ХЭТТ-ын 9-р зүйл), мөн эрүүдэн шүүгдэхээс ангид байх (ХЭТТ-ын 5-р зүйл) зэрэг эрх зөрчигдсөн талаар ажиллах боломжтой болсон юм.

А: Эдийн засаг, нийгэм, соёлын эрх гэдэг маань чухамдаа юу вэ?

Х: Хүний ёсоор аюулгүй амьдрахад зайлшгүй шаардлагатай олон төрлийн асуудлыг хүний эрх өөртөө багтаадаг. Тэдгээр эрхийн зарим нь бусад хүний эрх, эрх чөлөөнд саад учруулаагүй нөхцөлд хүссэн зүйлээ хийх хувь хүний эрх чөлөөтэй холбоотой байдаг. Эдгээр эрх чөлөөнд үндэслэсэн эрхийг ерөнхийд нь иргэний болон улс төрийн эрх гэж нэрлэдэг бөгөөд үг хэлэх, шашин шүтэх, шударгаар шүүлгэх, эрүүдэн шүүлт болон хууль бусаар баривчлагдахаас чөлөөтэй байх эрхийг мөн өөртөө багтаадаг.

Хүний үндсэн хэрэгцээ шаардлагыг хангахтай холбоотой хоол хүнстэй байх, орон байртай байх, боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хангалттай хөлстэй ажил эрхлэх зэрэг бусад эрх бас бий. Тэдгээрийг эдийн засаг, нийгэм, соёлын эрх гэдэг.

А: Эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон иргэний ба улс төрийн эрхийн аль нь илүү чухал вэ?

Х: Иргэний болон соёл, эдийн засаг, улс төр, нийгмийн бүх эрхүүд:

  • түгээмэл (дэлхийн бүх хүмүүс аливаа алагчлалгүйгээр хүний эрхээ эдлэх ёстой),
  • хуваагдашгүй (хүний эрхийн хууль бүр адилхан ач холбогдолтой байдаг. Аливаа эрхийг “ач холбогдол багатай” эсвэл “зайлшгүй шаардлагатай бус” хэмээн эдлүүлэхэээс татгалзах ёсгүй.),
  • харилцан хамааралтай (хүний эрхийн хуулийн хүрээнд хамаардаг. Жишээ нь, тухайн хүний засгийн газрынхаа үйл ажиллагаанд оролцох чадвар өөрийгөө илэрхийлэх, боловсрол эзэмших эрх болон амьдралын зайлшгүй шаардлагатай зүйлсээр хангагдах эрхээс шууд хамаарна.),
  • уялдаа холбоотой (иргэний болон соёл, эдийн засаг, улс төр, нийгмийн бүх эрхийг хэрэгжүүлснээр бүх хүмүүсийн хүн ёсоор амьдрах баталгааг хангадаг.)

-- 1993 оны 6-р сарын 25-нд Дэлхийн Хүний Эрхийн Бага Хурлаас баталсан Венийн Үйл Ажиллагааны Хөтөлбөр ба Тунхаглалын 1-р хэсэг, 5-р зүйл

Эдгээр эрхийг хамтатган авч үзвэл хэн гэдгээс нь үл хамаарч хүн бүр айдсаас ангид гачигдаж дутагдахгүй амьдрахад шаардагддаг. АНУ-д хүмүүс хүний эрхийн тухай ярихдаа ихэнхидээ АНУ-ын Үндсэн хууль болон түүний нэмэлтүүдээр олгосон иргэний болон улс төрийн эрхийг илүү чухалчилдаг. Гэхдээ ингэж нэг эрхийг чухалчлах нь эрхийн харилцан хамаарлыг үгүйсгэж байгаа хэрэг юм.

Бүх нийгэмд дээрх хоёр төрлийн эрхүүд уялдаа холбоотой байдаг. Иргэний болон улс төрийн эрхээ эдлэж чадахгүй байгаа хүмүүс амьдралынх нь үндсэн хэрэгцээний баталгаа болсон эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ хамгаалах ямар ч чадваргүй болно. Тэрчлэн, Амвдрах наад захын шаардлага хангагдаагүй нийгэмд хүн юун түрүүнд хоол хүнс, толгой хоргодох газар, эрүүл мэндийн үйлчилгээ авах талаар санаа зовж байдаг тул иргэний болон улс төрийн эрхийн тухай ярих нь утгагүй.

Хүний эрхийн харилцан хамаарал, ач холбогдол дэлхийн төвшинд яригддаг. Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн зөрчил нь орлогын ялгаа хэт өсөх болон эдийн засгийн мөлжлөгт хүргэдэг.

А: Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хамгийн гол асуудал юу вэ?

Х:

  1. Боловсрол эзэмших эрх (ЭЗНСЭОУП-ын 13-р зүйл) нь бага боловсролыг заавал, үнэ төлбөргүй эзэмших, дунд болон дээд боловсролыг эрх тэгш нөхцлөөр эзэмших эрхийг баталгаажуулдаг. Засгийн газрууд хүн амдаа заавал бөгөөд үнэ төлбөргүй бага боловсрол олгох үүрэгтэй ба тэрхүү боловсрол нь үзэн ядалт буюу алагчлах явдлыг хөөрөгдөх учиргүй.
  2. Хүрч болох дээд төвшинд эрүүл байх эрх (ЭЗНСЭОУП-ын 12-р зүйл) шаардлага хангасан эрүүл мэндийн үйлчилгээгээр хангагдах эрхийг баталгаажуулдаг. Засгийн газрууд эрүүл мэндийн байгууллага, бараа, үйлчилгээгээр үйлчлүүлэх эрхийг бүх иргэддээ адилхан олгох ёстой бөгөөд тэдгээр нь хүн амын хэрэгцээг хангахуйц хангалттай хэмжээтэй байх ёстой.
  3. Aнгол: Шаардлага хангасан орон байртай байх эрх
    Анголд 2001-2003 онд 5000 өрхийг 3 удаагийн компанит ажлаар албадан нүүлгэж, орон байрыг нь нураажээ. “ Луанда мужийн Боависта, Соба Kaпaссa болон Бенифика зэрэг газарт урьдчилан мэдэгдэлгүйгээр, хууль бусаар, буутай цагдаа нарын хүчээр албадан нүүлгэсэн.” хэмээн Эмнести Интернэшнль мэдэгдсэн. Албадан нүүлгэх гэдэг нэр томъёо нь хүний эрхийг зөрчиж, хууль бусаар явуулдаг нүүлгэлтийг хэлдэг. Ингэснээрээ Ангол улс нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Албадан нүүлгэх нь шаардлага хангасан орон байртай байх эрхийг үгүйсгэж, хүмүүсийн хувийн амьдрал, гэр бүл, орон гэрийн дотоод амьдралд дур зоргоороо, хууль бусаар хөндлөнгөөс оролцож буй хэрэг билээ.

    Зохистой орон байраар хангагдах эрх (ЭЗНСЭОУП-ын 11-р зүйл) аюулгүй, амьдарч болохуйц, хөлсийг нь төлж чадахуйц орон байранд амьдарч, албадан хөөгдөхөөс хамгаалагдах эрхийг баталгаажуулдаг. Засгийн газрууд хүн бүр шаардлага хангасан орон байртай байх эрхээр эрх тэгш хангагдах, түүний дотор эмзэг бүлгийнхний (орон гэргүй хүмүүс г.м) орон байрны хэрэгцээг юуны түрүүнд харгалзан үзэх ёстой.

  4. Хойд Солонгос: Хоол хүнсээр хангагдах эрх
    Хойд Солонгосын ард түмэн арав гаран жил өлсгөлөн ба хүнсний хямралд нэрвэгдэж байгаа билээ. Үүнд засгийн газрынх нь явуулж байгаа бодлого тодорхой хэмжээгээр буруутай. Засгийн газар хоол хүнс хуваарилахдаа эдийн засгийн хувьд идэвхитэй, улс төрийн хувьд үнэнч хүмүүст илүү хандсан, ялгавартай бодлого явуулж байна. Чөлөөтэй шилжин суурьших эрхийг засгийн газраас хязгаарласан нь хойд солонгосчуудыг хоол хүнс эрэн, хүнсний хангамж сайтай газар руу явж чадахгүйд хүргэдэг. Хэрэв тэд зөвшөөрөлгүйгээр хот, тосгоноо орхин явбал шоронд хоригдох хүртэл шийтгэл хүлээх аж.

    Хүрэлцээтэй хоол хүнс хэрэглэх эрх (ЭЗНСЭОУП-ын 11-р зүйл) нь хүмүүс чанарын болон хэмжээний хувьд шаардлага хангасан, бохирдлоос ангид, тухайн соёлын хувьд хүлээн авч болохуйц хоол хүнсээр хангагдах эрхийг баталгаажуулдаг. Хоол хүнсээр хангагдах эрхийг хэрэгжүүлэхийн тулд засгийн газрууд хоол хүнсийг тогтвортой бөгөөд хүний бусад эрхийг зөрчихгүй байхаар түгээх ёстой. Түүнээс гадна, засгийн газрууд дэлхийн хүнсний нийлүүлэлтийг зохистойгоор хуваарилах асуудлаар хамтран ажиллах ёстой.

  5. Израйль ба Эзлэгдсэн нутаг дэвсгэр: Хөдөлмөрлөх эрх
    Сүүлийн 3 жилд Израйлийн талаас Эзлэгдсэн нутаг дэвсгэрт чөлөөтэй шилжин явах эрхийг нь хязгаарласнаас палестинчуудын хөдөлмөрлөх, цалин хөлс авч амьдралаа залгуулах боломж нь асар багассан. Энэ нь ажилгүйдэл, ядуурлыг эрс нэмэгдүүлсэн байна. Дэлхийн банк ба НҮБ-ын байгууллагуудын үзэж байгаагаар одоо Газын зурваст амьдарч байгаа гурван гэр бүлийн хоёр нь амьжиргааны баталгаажих доод төвшингөөс доогуур амьдарч байна. Ялангуяа, хүүхдүүдийн дунд ужгирсан тэжээлийн дутагдал өргөн тархаж байна. Чөлөөтэй шилжин явах эрхийг хязгаарласан нь ихэнхидээ палестинчуудад сөргөөр нөлөөлдөгөөс гадна олон улсын хүмүүнлэгийн болон хүний эрхийн байгууллагын ажилтнууд ч албан үүргээ зарим тохиолдолд Израйлийн засаг захиргаанаас үйл ажиллагаанд нь тавьсан хоригийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч байна.

    Хөдөлмөрлөх эрх (ЭЗНСЭОУП-ын 6-р зүйл) нь аюулгүй ажлын орчинд амьдралдаа хүрэлцэхүйц цалин хөлс авах, хамтаараа зохион байгуулах буюу наймаалцах эрх чөлөөг хангах ёстой. Засгийн газрууд адил төрлийн ажилд шударга, тэнцүү цалин хөлс олгож байгаа эсэхийг хянах ёстой бөгөөд ажилчид аюулгүй орчинд ажиллах эрхээр хангагдах ёстой.

Дээр дурдсан бүх эрх өөр хоорондоо холилдсон байдгийг мартаж болохгүй. Жишээ нь, цэвэр усаар хангагдах эрх шаардлага хангасан орон байртай байх эрх, хоол хүнсээр хангагдах эрх, хүрч болох дээд түвшинд эрүүл байж эмнэлгийн үйлчилгээ авах эрх зэрэгтэй нягт холбоотой байдаг. Тэрчилэн хөдөлмөрлөх болон боловсрол эзэмших эрх хроондоо холбоотой байдаг.

А: Хүний эрхийн баримт бичиг хуулийн хүчин чадалтай юу?

Х: Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал бол НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас батлагдсан тогтоол бөгөөд хүндэтгэн үзэх өндөр шаардлага тавьдаг. Гэвч, ямарваа нэг тунхаглал хууль зүйн хувьд заавал биелэгдэх шинжийг агуулдаггүй. Хэдий тийм боловч Түгээмэл Тунхаглал өнөөдөр хүний эрхийг тодорхойлох үндсэн баримт бичиг болон маш өргөнөөр хэрэглэгддэг бөгөөд түүнийг эрх зүйн ач холбогдолтой төдийгүй олон улсын заншлын хэм хэмжээ гэж тооцдогоос гадна НҮБ-ын Дүрмийн заалтуудыг тодотгон тайлбарласан баримт бичиг хэмээн үздэг.

ХЭТТ—д заасан тусгай эрхүүдийг Эдийн Засаг, Нийгэм, Соёлын Эрхийн тухай Олон Улсын Пактад (ЭЗНСЭОУП) болон Иргэний болон Улс Төрийн Эрхийн тухай Олон Улсын Пактад (ИУТЭОУП) хуульчилсан. Пакт гэдэг нь олон улсын эрх зүйн дагуу түүнийг соёрхон баталсан бүх улс дагаж мөрдөх ёстой гэрээ мөн.

Түүний нэгэн адил Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, Эмэгтэйчүүдийг Ялгаварлан Гадуурхах Бүх Хэлбэрийг Устгах тухай Конвенци зэрэг нь тэдгээрийг соёрхон баталсан бүх улс заавал даган мөрдөх хууль зүйн хүчин чадалтай гэрээ юм.

Тиймээс дэлхийн бүх ард иргэд өөр өөрсдийн засгийн газарт эдгээр гэрээг соёрхон батлах талаар болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар шахалт үзүүлэх ёстой. Жишээ нь, ЭЗНСЭОУП-д заасан эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх гэдэг нь уг гэрээг соёрхон баталсан бүх орны иргэд болон оршин суугчид үндсэн, шаардлага хангасан эрүүл мэндийн үйлчилгээг баталгаатай авах эрхтэй гэсэн үг.

А: Засгийн газрууд олон улсын эрх зүйн дагуу эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх талаар ямар үүрэг хүлээдэг вэ?

Х:

  • Үе шаттайгаар хэрэгжүүлэх Эдийн Засаг, Нийгэм, Соёлын Эрхийн тухай Олон Улсын Пакт түүнд дурдсан эрхүүдийг эүүлэх талаар улс бүр янз бүрийн чадавхитай болохыг хүлээн зөвшөөрсөн. “Үе шаттайгаар хэрэгжүүлэх” үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг богино хугацаанд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Гэхдээ үе шаттайгаар хэрэгжүүлнэ гээд эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийн утга агуулгыг буруугаар тайлбарлах ёсгүй. Энэ нь гол нь засгийн газруудад тэдгээрийн эдийн засаг, чадавхийн ялгаатай байдлыг ойлгож, уян хатан хандах зорилготой. Түүнээс үүргээсээ зугтахыг зөвшөөрч буй заалт биш. Энэ нь байнга сайжран хөгжиж байх үзэл санаанд тулгуурласан ба засгийн газруудыг үүргээсээ ухарсан арга хэмжээ авахгүй байхыг шаарддаг.

    Үнэн чанартаа Эдийн Засаг, Нийгэм, Соёлын Эрхийн тухай Олон Улсын Пакт нэн даруй хэрэгжүүлбэл зохих олон үүргийг багтаасан байдаг. Эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой боловч гэрээнд нэгдэн орсон улсууд тэрхүү зорилгод хүрэх алхмуудыг пакт хүчин төгөлдөр болмогц авч хэрэгжүүлж эхлэх ёстой. Эдгээр алхмууд пактад заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой бөгөөд аль болох нарийн зорилго чиглэлтэй байх учиртай.

  • Хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэг Засгийн газрууд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэг хүлээдэг:

    (1) Хүндэтгэх үүрэг гэдэг нь засгийн газар хүний эрх, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд саад хийх буюу хувь хүмүүсийг эдгээр эрхээ өөрсдөө эдлэхэд нь саад болсон аливаа үйлдлээс татгалзах ёстой. Жишээ нь, засгийн газар ундны усны эх үүсвэр болсон голыг бохирдуулбал энэ нь ундны усаар хангагдах эрхийг хүндэтгэх үүргээ зөрчиж байна гэсэн хэрэг. Хүндэтгэх үүрэг бол нэн даруй биелүүлэх ёстой зүйл бөгөөд түүнийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж байхгүй.

    (2) Хамгаалах үүрэг гэдэг нь засгийн газар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хүн амыг хүний эрхийн зөрчлөөс, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг нь бизнесийн болон олон улсын санхүүгийн байгууллага зэрэг төрийн бус оролцогчид зөрчихөөс сэргийлэх ёстой гэсэн үг. Жишээ нь, аль нэг корпораци цэнгэлдэх хүрээлэн барихаар хэсэг хүмүүсийг хүчээр нүүлгэж байхыг засгийн газар мэдсэн ч түүний эсрэг юу ч хийхгүй байвал энэ нь хүн амын шаардлага хангасан орон байртай байх эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна гэсэн хэрэг юм. Хамгаалах үүрэг мөн адил нэн даруй биелэгдэх шинжтэй бөгөөд түүнийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зүйл биш.

    (3) Хангах үүрэг бол засгийн газрууд үүрэг бол засгийн газрууд хууль ёсны эрх үүрийнхээ хүрээнд хүний эрх, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг бүрэн дүүрэн эдлэх нөхцлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх үүрэг мөн. Жишээ нь, засгийн газар хүн амдаа шаардлага хангасан, үр дүнтэй эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж, нөхцлийг нь улам сайжруулахыг ямагт хичээх ёстой. Хэрэв засгийн газар нөөц бололцоогоо хүний эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх зорилгогүй, шударга бус байдлаар зарцуулбал тэр нь хангах үүргээ зөрчиж байгаа явдал юм. Хангах үүргийн зарим хүчин зүйл нь үе шаттайгаар хэрэгжих шинжтэй байдаг. Гэхдээ бусад хүчин зүйл, түүний дотор эдгээр эрхийг хэрэгжүүлэх зорилгоор зохих ёсны хууль эрх зүй, захиргаа, төсөв санхүү, шүүхийн арга хэмжээг батлан гаргах зэрэг нь нэн даруй биелэгдэх шинжтэй байдаг. 

  • Алагчлахгүй байх Засгийн гарууд цаг үргэлж, хүн ардаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа ялагаварлан гадуурхалтаас ангид байлгахыг анхаарах ёстйо. Ялгаварлан гадуурхагдахгүй байх нь нэн даруй биелүүлэх ёстой үүрэг бөгөөд, үе шаттайгаар хэрэгжүүлэх зүйлд хамаарахгүй. Ялгаварлан гадуурхах нь пактыг зөрчиж буй хэрэг.
  • Олон улсын үүрэг Буурай хөгжилтэй орнууд олон улсын эдийн засагт харьцангуй сул байр суурь эзэлж байдаг бөгөөд баян улсууд буурай улстай тогтоосон эдийн засгийн харилцаанаасаа ашиг олж байдгийг харгалзан ЭЗНСЭОУП-ын 2-р зүйлд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх талаар буурай хөгжилтэй орнуудад туслах олон улсын үүргийн тухай зааж өгсөн.
Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 560959 дахь зочин боллоо.