ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ
6.26 ЭШХТОУ-ын өдөр. Захидал уриалгад гарын үсэг зуруулах ажиллагаа
1984 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлт тулгаж буй явдлыг илрүүлэх, ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг мөрдөн байцааж, ял шийтгэл хүлээлгэхийг оролцогч улсууддаа үүрэг болгосон баримт бичиг болох Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг батлан гаргасан юм. Энэхүү конвенцийн дагуу хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүрэг бүхий Эрүү шүүлтийн эсрэг хороог байгуулсан байна. 1985 онд хүмүүст эрүү шүүлт тулгаж байгаа тухай мэдээлэлд холбогдох улс орнуудын Засгийн газарт эсэргүүцсэн мэдэгдэл илгээх чиг үүрэг бүхий Эрүү шүүлтийн асуудлаарх Тусгай Илтгэгчийг НҮБ томилжээ. 

Монгол улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орж соёрхон баталсан байна.

Эмнести Интернэшнл байгууллага нь эрүү шүүлтийн эсрэг кампанит ажлын хүрээнд улс орнуудын Засгийн газрыг Эрүү шүүлтийн эсрэг Конвенцид нэгдэн орж, соёрхон батлахыг нөлөөлөхийг оролдож, ингэснээрээ эрүү шүүлтийг устгах механизмийг бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг.

  • “Терроризмын эсрэг дайн нэрийн дор” лекц

АНУ-ын ЭИ-ийн захирал ноён Билл Шульц “Терроризмийн эсрэг дайн”-ны тухай лекцийг 4 дүгээр сарын 7-нд МУИС-ийн ХЗС-ийн оюутнуудад уншлаа. АНУ- терроризмтай тэмцэх явцдаа эрүүдэн шүүх, хүний нэр төрийг гутаан доромжилох, нууцаар шорон байгуулан хоригдлуудыг улс орон дамжуулан тээвэрлэж буй болон эрүүдэн шүүгдэхгүй байх хүний туйлын эрхийн талаар сонирхолтой лекцийг уншсан бөгөөд уг лекцийг Ийгл, TҮ-9 телевизүүд болон Цагийн хүрд, Ардийн эрх сонины газруудаас сурвалжлан олон нийтэд хүргэлээ. 

“Эрүүдэн шүүхтэй тэмцэх нь” сургалт

Хорих 411-р анги Насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийг хорих газраас манай байгууллагад хүсэлт тавьсны дагуу 2006 оны 4 дүгээр сард тус хорих ангид эрүү шүүлтийн талаар 1 өдрийн сургалт явууллаа. Уг сургалтанд тус хорих ангийн нийгмийн ажилтан, багш, тогооч, нярав хянагч, сувилагч, номын санч зэрэг 20 гаруй хүн оролцов. Сургалтаар эрүү шүүлтийн эсрэг конвенц, хүүхдийн эрхийн конвенц болон бусад олон улсын гэрээ, баримт бичгүүд, насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн харьцах талаарх олон улсын хэм хэмжээнүүдийг танилцуулан, эрүү шүүлттэй тэмцэх аргачлалаар хичээл заалаа. Оролцогчдоос авсан үнэлгээний хуудаснаас харахад сургалтаас хүсч байсан мэдээллээ хангалттай сайн олж авсан бөгөөд цаашид ажилчдад харилцааны чиглэлээр, хүмүүжигч хүүхдүүдэд зориулсан хүүхдийн эрхийн талаарх сургалт зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан байна. Мөн энэ сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ цаашид өдөр тутмынхаа ажилд хэрэгжүүлэхээ дурьдсан байна.

  • Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах өдөр

Хэвлэлийн бага хурал

1997 оны 6-р сарын 26-нд НҮБ-аас тус өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгон зарласан юм. Энэ өдөр эрүүдэн шүүхийн чиглэлээр ажилладаг гол байгууллагууд болох Хүний эрхийн үндэсний комисс, Эв Аран байгууллагуудтай хамтран хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг, Монгол улсад эрүүдэн шүүх асуудал ямар байдалтай байгаа болон цаашид эрүүдэн шүүхтэй тэмцэх ямар ажлууд хийгдэх гэж буй талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөв. 

Захидал бичих аян

2006 оны энэ өдөр Монголын Эмнести Интернэшнл байгууллагын залуучуудын бүлгийн гишүүд Монгол улсын төр засаг, ШШГЕГ, АСББ, Эмэгтэйчүүдийн хорих ангийн удирдлагуудад хандан хорих, урьдчилан хорих төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг механизмыг бүрдүүлэгч Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколд Монгол улсыг нэгдэн орохыг уриалсан захидлыг бичиж нийт 400 гаруй гарын үсэг цуглуулж илгээлээ. Мөн Иран, АНУ-д эрүү шүүлтэд өртсөн хүмүүсийн эрхийг хамгаалахаар 185 гарын үсэг бүхий уриалга захидлыг тус улсын эрх бүхий байгууллагын удирдлагуудад илгээсэн байна. 

Монгол улсын Ерөнхий сайд уг уриалгатай танилцан, холбогдох яам тамгын газрууддаа уг Нэмэлт Протоколыг судлах, дэмжих эсэх талаар дүгнэлт өгөхийг даалгасан байна. Ерөнхий сайдын үүрэгтэй холбогдуулан холбогдох газрууд нь судалгаа хийж байгаа энэ үед Хууль зүй Дотоод хэргийн Яам, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Шүүх болон бусад байгууллагуудад хандан Нэмэлт Протоколд Монгол улс нэгдэхийг дэмжсэн уриалга гаргах, Нэмэлт Протоколын ач холбогдлын талаар харилцан ярилцлага өрнүүлэх ажлыг зохион явуулахыг санал болгож Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, Хүний Эрх Хөгжил Төвийн хамт олонд уриалга илгээв. 

Нөхөн сэргээх эмчилгээ ба сэтгэлийн бэлэг

Цагдан хорих, хорих асуудал нь хүмүүст өөрийн эрхээр амьдрах боломж олгодоггүй учраас хоригдогсдын бие болон сэтгэл зүй, эрүүл мэндийн байдлыг дэмжиж байх нь ихээхэн чухал байдаг. Тиймээс энэ өдөр В.Есөнтөмөрийн санаачилгаар Эмнести Интернэшнлийн Урлагийн бүлгийн гишүүд Эмэгтэйчүүдийн хорих анги дээр зочлон, хүмүүжигч нарт зориулан хошин урлагийн тоглолт үзүүлж, сэтгэлийн бэлэг барилаа.

  • Эрүүдэн шүүхтэй тэмцэх тактикийн сургалт

Бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд хувь хүний халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангах ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Эв Аран ТББ-тай хамтран “Эрүүдэн шүүхтэй тэмцэх тактикийн зураглал боловсруулах” сургалтыг 7 дугаар сарын 6-нд зохион байгууллаа. Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн П.Жаргал “Хүний эрхийн тактикийн зураглал” сэдвээр илтгэл тавьж, эрүүдэн шүүхтэй тэмцэх тактикийн зураглал боловсруулах чиглэлээр ажиллав. Уг сургалтанд хуулийн байгууллагын ажилтнууд, эрүү шүүлтийн хохирогдогсод нийт 12 хүн оролцлоо. Энэ сургалтаар эрүү шүүлт тулгаж буй хууль бус ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох, түүнийг бүрдүүлж буй нөхцөл байдлыг тодорхойлон улмаар тэдгээр нөлөөллүүдийн хоорондын харилцаа хамаарлыг дүрслэн гаргах аргаар эрүүдэн шүүх явдалд нөлөөлж буй нийгмийн харилцааг зураглан судалж, түүнээс урьдчилан сэргийлэхэд цаашид хэрхэх талаар санал зөвлөмж боловсрууллаа.

Иргэдээс эрүү шүүлттэй холбоотой өргөдөл гомдол хүлээн авсны дагуу ШШГЕГ-т албан захидал илгээлээ. ШШГЕГ-аас уг хэргийг хянан шалгаж алдаа гаргасан албан хаагч нартай хариуцлага тооцсон тухайгаа хариу албан тоотоор ирүүлэв. 

Бусад өргөдөл, гомдлуудыг хүлээн авч холбогдох газруудад дамжуулах, тэдгээрийг баримтжуулах, зарим шаардлагатай хэсгийг орчуулан төвийн шинжээч нарт илгээж, хуульчдын бүлгийн гишүүд эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүйгээр үзүүлсэн юм. 

  • Ном, сонин

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн хяналт шалгалт ихээхэн тустай байдаг. Улс орнууд эрүүдэн шүүхтэй тэмцэх механизмийг бүрдүүлэх үүднээс иргэний нийгмийн байгууллагуудыг хөндлөнгийн хяналт хийхийг нь дэмжиж, зарим орон бүр хуульчилж өгсөн байдаг. Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нэгдэж ороогүй, хяналтын системийг хараат бус хөндлөнгийн болгож чадаагүй байгаа энэ нөхцөлд ТББ-уудад нь хорих цагдан хорих төв дээр хяналт тавьж чадахуйц хэмжээнд мэргэшсэн, тийм чадвартай байх нь туйлын чухал билээ. Тиймээс “Хорих, цагдан хорих газарт хийх мониторинг” ТББ-уудад зориулсан аргачилсан удирдамж номыг орчуулан, 1000 хувь хэвлүүлэн гаргалаа. Stop Torture хаягаар орж Эмнести Интернэшнл байгууллагын олон улсад явуулж буй үйл ажиллагаатай танилцана уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 632111 дахь зочин боллоо.