ЯАГААД ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХААР ЗОРЬЖ БАЙНА ВЭ?
Үхдэл явж байна (кино хэлэлцүүлэг)

Дэлхий даяар цаазаар авах ялыг халах цаг иржээ. Жил ирэх бүр цаазаар авах ялыг халж байгаа улс орнууд нэмэгдсээр байна. Цаазаар авах ялын гүйцэтгэл харгислалыг төрүүлж байгааг туршлага харуулдаг. Цаазаар авах ял нь улс төрийн хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулахад онцгой хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэг нь хаана ч нотлогдсонгүй. Улс орон бүрт энэ ял арьсны өнгөөр алагчлах буюу ядуус, үндэсний цөөнхийн эсрэг харилцан адилгүй хэрэглэгдсээр байна. Мөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн зэвсэг болсоор иржээ. Энэ ялыг дур зоргоор ногдуулж, гэм зэмгүй хүмүүсийг шийтгэсэн тохиолдолд эргүүлэн буцаах боломжгүй бөгөөд хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа юм.

Сүүлийн 10 жилд дунджаар жил бүр дор хаяж гурван улс хүний нэр төр, амьд явах эрхийг хүндэтгэн сахихаа баталгаажуулан цаазаар авах ялыг халж байна.2 Хэдий тийм боловч нилээд тооны засгийн газрууд хэдэн хоригдлыг цаазалснаараа нийгмийн болон улс төрийн өмнө тулгарсан асуудлаа түргэн шуурхай шийдэж чадна хэмээн итгэсээр байна. Ихэнх улс оронд хүмүүс цаазаар авах ял нь нийгэмд хамгааллыг биш харгислал төрүүлж байгааг мэдэхгүй байсаар байна. Цаазаар авах ялыг халж байгаа газар нутгийн хүрээ тэлсээр байгаа боловч хангалттай хурдан биш байна.

Цаазаар авах ялыг тухайн улс үндэстний бүх хүмүүсийн нэрийн өмнөөс гүйцэтгэдэг. Тиймээс хүн бүр цаазаар авах ял гэж юу болох, энэ ялыг хэрхэн яаж хэрэглэж байгааг, тэдэнд яаж нөлөөлж болохыг, хүний үндсэн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар бүгдийг нь мэдэх ёстой. Цаазаар авах нь төр зориудаар, хүйтэн цуст аллагаар хүний амийг хороож байгаа хэрэг мөн. Төр санаатайгаар хэн нэгний амийг хөнөөж эрх мэдлээ илэрхийлж байна. Тэгэхээр улс орнуудад үүнийг хийх эрх байгаа юу гэдэг асуулт гарч ирж байна.

Хүнийг яаж ч болно, ингэхэд ямар ч хязгаар байхгүй гэж аль нэг улс үзвэл юу болох вэ гэдэг талаар 60 жилийн өмнө дэлхийн улс үндэстнүүд хамтдаа НҮБ-ыг байгуулж байхдаа сануулж байжээ. 1948 оны 12 дугаар сард буюу НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг ямар ч эсэргүүцсэн саналгүйгээр батлах хүртэл Дэлхийн II дайны үеэс гаарч эхэлсэн төрийн харгислал, алан хядах ажиллагааны уршиг дэлхий даяар тархсаар байлаа. Түгээмэл Тунхаглал нь энх тайван, эрх чөлөө, шударга ёс дээр үндэслэсэн үндсэн эрхийг дэмжих тухай улс үндэстнүүдийн амлалт билээ. Тунхаглалд заасан эрхүүд нь хүний төрөлхийн салшгүй эрх мөн. Энэ эрх нь сайн сайханд олгодог шагнал, муу бүхнээс татаж авдаг засгийн газрын онцгой эрх дарх биш юм. Хүмүүст төр засгаас юу хийж болохыг нь хүний үндсэн эрх нь хязгаарладаг.

Хоригдлыг ямар учир шалтгаанаар, ямар арга хэрэгслээр цаазалж байгаагаас үл шалтгаалан цаазаар авах ялыг хүний эрхээс ангид авч үзэх аргагүй юм. Цаазаар авах ялыг халах хөдөлгөөн ч мөн хүний эрхийн төлөөх хөдөлгөөнүүдээс ангид байх боломжгүй. Түгээмэл тунхаглалд хүн бүр амьд явах эрхтэйг хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Хэнд ч эрүү шүүлт тулган хэнтэй ч хэрцгий, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” хэмээн заасан байдаг. Цаазаар авах ял нь эдгээр эрхийг зөрчиж байна хэмээн Эмнести Интернэшнл үздэг.

Зарим тохиолдолд төрийн алба хаагчийн аргагүй хамгаалалтыг зөвтгөж болох юм: Тухайлбал улс орнууд дайн(улс хоорондын болон иргэний)-ы цагт хаалттай байх эсхүл хууль сахиулах байгууллагын ажилтнууд өөрсдийн болон бусдын амь насыг аврах ёстой үед. Гэхдээ ийм үед ч аргагүй хамгаалалтыг хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн хамгаалалтаар хангагддаг. Аргагүй хамгаалалт хэрэглэх нь бусдаас ирж байгаа хүчний сөрөг үр дагаварыг эсэргүүцэх зорилготой байдаг.

Гэтэл цаазаар авах ял нь амь насанд шууд заналхийлж байгаагийн эсрэг өөрийгөө хамгаалах үйлдэл биш. Иймээс хоригдлыг зориуд санаатайгаар хороож байгаа нь харгис үйлдэл юм.

Эрүүдэн шүүх болон харгис хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг доромжлон харьцах, шийтгэх явдлыг хэзээ ч зөвтгөх аргагүй бөгөөд цаазаар авах ял харгис хэрцгий нь нотлогдсон. Цаазаар авах нь төр засгийн зүгээс ямар ч туслалцаа авахгүй нь тодорхой болсон тэр этгээдийг эрүүдэн шүүхийн адил бие махбод болон оюун санааг онцгой доромжилж буй хэрэг.

Хэрэв эмэгтэй хүнийг гараас нь дүүжилбэл эрүү шүүлтийн хэрцгий өвдөлтийг мэдрэх болно. Тэгвэл түүнийг амьсгал хураатал хүзүүгээр нь дүүжлэхийг хэрхэн тодорхойлох вэ? Хэрэв эрэгтэй хүний хамгийн эмзэг газар 100 вольтын хүчдэлээр цохиулбал жигшил зэвүүцлийг төрүүлэх болно, тэгвэл түүнийг хороохын тулд биеийг нь 2000 вольтийн хүчдэлээр цохиулбал ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Хэрэв толгойд нь буу тулгах, эсвэл удаан хугацаагаар зовоохын тулд химийн бодисоор тарих нь эрүүдэн шүүхийн арга хэрэгсэл болох нь тодорхой бөгөөд тэгвэл тэднийг хороохын тулд буудах, үхлийн тариагаар тарихыг хэрхэн тодорхойлох вэ? Хуулийн процессийг энэхүү хүнлэг бус хэрцгий явдалд хэрэглэж байгааг зөвтгөх арга байх уу?

Хүний амийг хороох үйлдлээр үүсгэгдсэн бие махбодийн өвдөлтийн хэмжээг тодорхойлох аргагүй юм. Цаазын өмнөх сэтгэлийн зовлонг ч мөн тооцох аргагүй. Цаазын ялыг шүүх ажиллагааны дараа 6 минутанд, маш олон шүүх ажиллагааны дараа 6 долоо хоногт, эсвэл удаан хугацааны хууль зүйн процессийн эцэст 16 жилийн дараа гүйцэтгэхээс үл хамааран харгис, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжилон харьцаж, шийтгэж байгаа хэрэг мөн.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, хэм хэмжээнүүдэд цаазаар авах ялыг зөвхөн шударга шүүх ажиллагааны үндсэн дээр хэрэглэхийг заасан байдаг. Хэрэв улс орнууд хоригдолд шударгаар шүүгдэх боломж олголгүй яллаваас энэ нь зохих ёсны байцаан шийтгэх ажиллагаа болон хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх эрхийг үгүйсгэсэн хэрэг болно. Буцааж болшгүй үхлийн ял нь зөвхөн хохирогчийн цагаатгагдах эрхийг зөрчихөөс гадна шүүх тогтолцооны алдааг засах боломжгүй болгодог.

Цаазаар авах ял нь хуулиас гадуур хүний амь хороохтой адил хүний амьдралын үнэ цэнийг үгүйсгэсэн хэрэг бөгөөд амьд явах эрхийг зөрчиж байгаа нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан бүх эрх биелэх үндсийг үгүй хийж буй юм.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хүрээнд байгуулагдсан Хүний Эрхийн Хорооноос “Амьд явах эрх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн онцгой нөхцөл байдалд ч доромжлол басамжлалыг зөвшөөрч болохгүй хамгийн дээд эрх мөн . . . .” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Хороо Пактын 6 дугаар зүйлд 1982 онд гаргасан ерөнхий тайлбартаа “цаазаар авах ялыг халах бүх арга хэмжээ нь 40 дүгээр зүйлд заасан утга санаанд багтсан амьд явах эрхийг хангах дэвшил рүү чиглэгдсэн байх ёстой” хэмээн дүгнэсэн байна.

Олон орны засгийн газар хүний эрхийг хүндэтгэн сахихад цаазаар авах ялыг хэрэглэх нь нийцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. НҮБ-аас энэ ялыг халахыг дэмжиж байгаагаа тунхагласан. Өнөөдөр дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь цаазаар авах ялыг хуулиндаа болон практикт халаад байна.

Эмнести Интернэшнлийн сүүлийн үеийн мэдээ:

90 улс орон, газар нутагт цаазаар авах ялыг бүхэлд нь халсан;

11 улс дайны үеийн гэмт хэргүүд зэрэг онцгой хэргүүдээс бусад бүх тохиолдолд халсан;

30 улс орон практикт халсан: хуулиндаа хэрэглэж байгаа боловч сүүлийн 10 гаруй жил цаазаар авах ялыг огт гүйцэтгээгүй буюу гүйцэтгэлийг хэрэгжүүлэхгүй байх практик тогтсон,

• нийтдээ 131 улс орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан

• бусад 66 улс орон, газар нутагт цаазаар авах ялыг хэвээр хадгалан хэрэглэж байгаа боловч жил ирэх тусам гүйцэтгэх тоо нь буурсаар байгааг харуулж байна.

Эмнести Интернэшнлийн статистик баримтаас 2006 онд цаазаар авах ялын гүйцэтгэл ерөнхийдөө буурсан байгааг харж болно. 2006 онд бүх мэдэгдэж байгаа гүйцэтгэлийн 91%-ийг цөөн хэдэн орон болох Хятад, Иран, Ирак, Пакистан, Судан болон АНУ-д гүйцэтгэжээ. Европ нь Беларусыг эс тооцвол бүхэлдээ цаазын ялгүй бүс нутаг болж; Африкт 2006 онд зөвхөн 6 улс л цаазаар авах ялыг гүйцэтгэж; Америк тивд 2003 оноос хойш зөвхөн АНУ л цаазаар авах ялын гүйцэтгэл хийж байна.

Олон орны эрх баригчид шүүхээс оноосон цаазын ялыг эрүүдэн шүүх, “сураггүй алга болгох”, хуулиас гадуур цаазлахтай адилгүйгээр гүйцэтгэлийг нууцалдаггүй, үгүйсгэдэггүй бөгөөд гүйцэтгэх өдрийг урьдчилан зарладаг. Зарим улс оронд ажиглагчаар уригдсан хэсэг бүлэг хүмүүс эсхүл олон нийтийн өмнө цаазалдаг байна.

Эрүүдэн шүүх зэрэг хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг гаргаснаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрөх Засгийн газар байдаггүй боловч зарим нэг төрийн албан хаагч “илүү чухал зүйл” нэрийн өмнөөс тэдгээрийг зөвтгөхийг оролддог. Цаазаар авах ялыг хэвээр хадгалан хэрэглэж байгаа засгийн газрууд ихэнхдээ хэрэглэж байгаагаа ил тодоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ ялыг хэрцгий балмад гэдгийг нь тэгтлээ үгүйсгэддэггүй. Цаазаар авах ялыг зөвтгөж байгаа тэр үндэслэгээ нь бусад нууц хүчирхийллийг зөвтгөдөг тийм л үндэслэгээнүүд байдаг.

Цаазаар авах ял байх шаардлагатай хэмээн үзэж байгаа хамгийн түгээмэл зөвтгөл нь цаазлах бол зайлшгүй юм, бид үүнийг түр хэрэглэх ёстой байж магадгүй ч гэсэн хамгийн аймшигтай нь зөвхөн цаазлах ял зарим нэг нийгмийн тодорхой хэрэгцээг хангаж чадна гэж мэтгэдэг. Тэр нь ямар нэг хэрэгцээ байсан ч гэсэн үхлийн харгис ялыг зөвтгөхүйц тийм чухал гэж үү. .

Цаазаар авах ялыг хэрэглэхийг шаардаж байгаа тодорхой хэрэгцээ цаг хугацаанаас болон нийгмээс нийгэмд ялгаатай байдаг. Зарим оронд уг ялыг хүн амины гэмт хэргийг яллах буюу түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хуульчилдаг бол зарим газарт хар тамхины наймаа, садар самуун, улс төрийн аллага, эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсооход хэрэгтэй хэмээн үздэг. Түүнчлэн эрх баригчдаас улс төрийн заналхийллийг устгахын тул хэрэглэдэг аж.

Аль нэг улс ямар нэг шалтгаанаар цаазаар авах ялыг нэг удаад хэрэглэвэл бусад орнуудад уг ялыг аль ч шалтгаанаар хэрэглэхэд хялбар болгох юм. Хэрэв цаазаар авах ялыг нэг хэрэгт хэрэглэхийг зөвтгөвөл энэ нь нийгмийн зонхилох үзэл санаатай нийцэх буюу эсвэл өөр бусад хэрэгт хэрэглэгдэх боломжтой мэт санагдах болно.

Шалтгаан, зорилго нь ямар байлаа ч Засгийн газар үхлийн хэрцгий ялыг зөвтгөх нь хүний эрхийн жинхэнэ ойлголттой зөрчилдөнө. Боломжтой болон боломжгүй гэсэн зүйлс нь зарим нэг “илүү чухал зүйл” нэрийн дор тусдаа тавигдах үед бүх эрхүүд, халдашгүй дархан байдал үгүйсгэгдэн, хүн бүр заналхийлэлд өртөх болно.

Үндсэн эрхийг хөсөрдүүлж байгаа цаазаар авах ял нийгмийн чухал хэрэгцээ шаардлагад нийцнэ гэдэг нь буруу юм. Цаазаар авах ялыг халсаар байгаа нь энэ ял нийгмийн жинхэнэ хэрэгцээ шаардлагатай нийцэх онцгой хүчийг үзүүлэхгүй байна гэсэн үг.

Гэмт хэрэг, ялангуяа хүн амины гэмт хэргээс сэргийлэх зорилгоор цаазлагдсан хүмүүсийг тоолж баршгүй. Эмнести Интернэшнл цаазаар авах ял нь бусад ял шийтгэлээс илүүтэйгээр бусдыг хамгаалах онцгой чадалтайг итгэн үнэмшүүлэх нотолгоог өнөөг хүртэл олоогүй байна.

Хүний үндсэн эрхийн гол цөм нь салшгүй байх явдал байдаг. Хүн хэдийгээр хэрцгий балмад гэмт хэрэг үйлдсэн байсан ч тэдгээрийг салгаж болшгүй юм. Хүний эрх нь биднийг хамгаалдаг учраас хүнийг сайн муу гэж ялгалгүйгээр адил тэгш эдлүүлэх ёстой.

Залхаан цээрлүүлэх шалтгаан нь шударга байх зарчим нэрийн дор өс хонзон авахыг хүсэхээс илүү зүйл үгүй. Өс хонзон авах хүслийг хүлээн зөвшөөрч, ойлгож болох ч үүнийг хэрэгжүүлэхийг тэвчих ёсгүй. Хуулийн хэм хэмжээ тогтоохыг оролдож байсан түүх нь хувийн өс хонзонг олон нийтийн бодлого, хууль цаазад хэрэглэхийг хязгаарлаж байсан дэвшилтэт түүх юм.

Хэрэв өнөөгийн ял шийтгэлийн тогтолцоо нь галдан шатаагчийн гэрийг шатааж, хүчирхийлэгчийг мөн хүчирхийлж, эрүүдэн шүүгчийг эрүүдэн шүүхгүй байгаа нь тэд үүнийг тэсвэрлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүйд байгаа юм. Үүний оронд тэднийг шийтгэх өөр арга бий болгох ёстойг нийгэм ойлгож байна.

Цаазаар авах нь адилхан хүний амь хороож байгаа учраас аллагын гэмт хэрэгтнийг аллагаар шийтгэж болохгүй. Төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа энэ үйлдэл нь гэмт хэрэгтэн хохирогчийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл хэрэглэх хүсэл эрмэлзлэлийн толин тусгал болж харагддаг. Зарим хүн үхвэл таарна гэсэн үндэслэл тавихаар хэн нь үхэх, хэн нь үхэх ёсгүй вэ гэдгийг төр тодорхойлох ёстой гэдэг агуулгатай болчихдог. Ямар нэг залхаан цээрлүүлэх маргааны тухай үзэл бодол магадгүй цаазаар авах ялын хэрэглээ нь эрүүгийн шүүхийн тогтолцоогүй байх, эсвэл шударгаар, тууштай, алдаа мадаггүйгээр хэн нь үхэх, хэн нь амьдрах ёстой вэ гэдгийг шийдэх чадвартай байхыг шаардаж байна.

Бүх эрүүгийн шүүхийн тогтолцоо ялгаварлан гадуурхах, алдаа мадгаас ангид байж чаддаггүй. Зохистой шийдвэр болон олон нийтийн санаа бодлыг ялан дийлэх нь эцсийн мөчид өршөөл үзүүлэх шийдвэрт эхний саад тотгор болж, бүх шатны үйлдэлд нөлөөлж болзошгүй юм. Цаазаар авах ялын бодит байдал нь хэн нь цаазлагдаж, хэн нь өршөөгдөх вэ гэдэг нь үргэлжид гэмт хэргийн зөвхөн мөн чанараас хамаарах биш хэрэгтний яс үндэс, нийгмийн гарал үүсэл, эдийн засаг, улс төрийн үзэл бодлоос мөн шалтгаалдаг. Цаазаар авах ял нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, засгийн газрууд устгах нь зүйд нийцнэ гэж үзсэн тэдгээр хэлмэгдэгсдийн эсрэг харилцан адилгүй хэрэглэгддэг байна.

Хүн төрөлхтний хоёрдмол, дур зоргоороо шийтгэл нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл болдог. Гэвч зөвхөн цаазаар авах шийдвэрийн үр дүн нь засагддаггүй. Товчхон шүүх хурал буюу эсвэл сунжирсан хууль зүйн үйлдлийн дараа хэдхэн цагийн дотор хожим гэм зэмгүй нь тогтоогдох хүмүүсийг цаазалсаар байдаг. Тэдгээр цаазлуулсан хүмүүсийн амь насыг нөхөн төлөх боломжгүй бөгөөд бүх л нийгмээрээ үүний хариуцлагыг хуваалцах ёстой.

Энэ нь цаазаар авах ялын эргэлт буцалтгүй шинж чанар бөгөөд баримт нь хоригдол бүрмөсөн үгүй болж, ял шийтгэлийг зарим засгийн газрууд хэлмэгдүүлэлтийн зэвсэг болгон хэрэглэхэд хүргэдэг байна. Нэг засгийн газрын үед мянга мянган хүнийг үхэл руу чулуудах нь өөр нэг эрх баригчид гарч ирэх үед тэд гэм зэмгүй нь тодорхойлогддог. Цаазаар авах ялыг халж чадвал үүнийг улс төрийн хэрэгт хортойгоор ашиглахыг зогсоож чадна.

Улс төрийн санал зөрөлдөөнийг нухчин дарахын тулд цаазаар авах ялыг хэрэглэх нь жигшүүртэй хэрэг бөгөөд нийгмийг гэмт хэргээс хамгаалах арга зам болгох нь ч бүтэшгүй юм. Хаа ч хэрэглэсэн цаазаар авах ял нь хамарч байгаа хүмүүстээ харгислалыг төрүүлж, өөрийгөө хамгаалах чадваргүй хоригдлыг цаазлах нь ямар нэг байдлаар зөвшөөрч болмоор гэдэг мэдрэмжийг олон нийтэд төрүүлдэг. Энэ нь магадгүй улс орны эрх баригчдын эрх мэдлээ хадгалахад ашиглагддаг. Цаазын ял нь айдсын бэлэгдэл бөгөөд сул талын нүглээ наманчилж байгаа хэрэг мөн. Энэ нь хэзээд хүний үндсэн эрхийг зөрчиж байдаг. .

Аль ч нийгэм болоод түүний иргэн бүрт цаазаар авах ялыг хуулийн ял шийтгэл болгож хэрэглэхийг зөвшөөрсөн улс оронд амьдрах уу, эсвэл хүний эрх, амьд явах эрхийг хүндэтгэн сахихад үндэслэсэн цаазын ялгүй ертөнцөд амьдрах уу гэдгээ шийдэх сонголт бий.

Зөвлөмж болгох нь:  

Эмнести Интернэшнл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62 дахь Чуулган(2007)-д хандан дараах шийдвэрүүдийг батлахыг уриалж байна:

• Амьд явах эрхийг баталгаажуулах, цаазаар авах ялыг халах нь хүний эрхийг хамгаалахын ач холбогдлыг онцлох;

• Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа орнуудад хандан гүйцэтгэлээ зогсоож, цаашид энэ ялыг халах эхний алхамыг авч хэрэгжүүлэхийг уриалах;

• Цаазаар авах ялтай хүмүүсийн эрхийн хамгаалалтыг баталгаажуулах тухай олон улсын хэм хэмжээг хүндэтгэн сахихыг уриалах;

• НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргаас дараагийн Чуулганд цаазаар авах ялын гүйцэтгэлийг хойшлуулах тухайд улс орнуудын хэрэгжилтийн талаар тайлан тавихыг хүсэх.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598144 дахь зочин боллоо.