ДАЛАЙ ЛАМЫН ИЛГЭЭЛТ
Дээрхийн Гэгээн Арван дөрөвдүгээр Далай Лам Данзанжамц

Бид үхлийн тухай тэр тусмаа үхэх тухай бодохыг ч хүсдэггүй. Хэрэв энэ нь жам ёсоороо ирвэл бидний хэн нь ч зогсоож чадахгүй, харин зориуд санаатайгаар хүний амийг авах нь маш харамсалтай хэрэг болох юм. Мэдээж хэрэг хуулинд тодорхой зорилго шалтгааны улмаас цаазаар авах ял хэрэглэхийг заадаг. Энэ нь гэмт хэрэгтнийг алдаагаа давтахаас урьдчилан сэргийлэх болон бусдыг хамгаалах үүднээс хэрэглэж байгаа шийтгэл мэт боловч хэрэв бид нөхцөл байдлыг маш хянамгай авч үзвэл энэ нь үнэхээр зөв шийдэл бус гэдгийг мэдэх болно. 

Гэмт үйл явдлын гамшигт үр дагавар нь сөргөөр бодох буюу сэтгэлийн хямралаас үүдэлтэй бөгөөд сэтгэл санааны нөхцөл байдлаас хамаардаг. Энэ бол бүх хүнд байдаг оюуны санааны үзэгдэл юм. Эндээс харахад бид бүхэн сэтгэлийн хямралд өртөх магадлалтай субьект учраас хэн ч гэмт хэрэг үйлдэж болзошгүй байдаг. Тиймээс ч бид бусдыг хөнөөснөөр энэ хямралыг даван туулж чадахгүй.   

Улс орнуудад гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Зарим оронд хүний эрхийн талаар ярих нь гэмт хэрэгт тооцогдох боловч өөр бусад оронд ил тод чөлөөтэй ярихыг хориглох нь гэмт хэрэг болдог. Гэмт хэргүүдэд оноох шийтгэл нь ч мөн адил ялгаатай байдаг боловч ихэнхдээ шоронд хорих, мөнгөн торгууль оноох болон нэлээд хэдэн оронд бие махбодийн шийтгэл оноодог байна. Зарим орны засгийн газар нь хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнд цаазын ял оноодог.

Цаазаар авах ял нь урьдчилан сэргийлэх зорилготой гэх боловч өс хонзонгийн тодорхой нэг хэлбэр юм. Энэ нь ял шийтгэлийн онцгой чанга хэлбэр бөгөөд учир нь энэ нь эцсийнх байдаг. Хүний амьдрал төгсгөл болсноор цаазлуулсан хүн нь цагаатгагдан амьд үлдэх, нөхөн сэргээгдэх боломжуудаас хагацах юм. Цаазын ялыг дэмжихээсээ өмнө бид гэмт хэрэгтнүүд нь төрөлхийн аюултай муу хүн юмуу, эсвэл цаашид хэрэг үйлдэх үедээ гаргаж байсан ухаан санаатайгаа мөнхөд байсаар байхуу үгүй юу гэдгийг анхаарч үзэх ёстой. Хариулт нь лавтай үгүй хэмээн гарна гэдэгт би итгэлтэй байна. Тэдний үйлдсэн хэрэг нь хэдий аймшигтай жигшмээр ч хүн бүр алдаагаа засах, засрах боломжтой гэдэгт би итгэж байна. Тиймээс ч би цаазаар авах ялыг хэрэглэхгүйгээр гэмт хэрэг үйлдэх, нийгэмд хор уршиг учрахаас урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн үздэг өөдрөг үзэлтэн юм.     

Миний итгэл үнэмшилээр бол цаазаар авах ял нь гэмт хэрэгтэнд ч байдаг өөрийгөө ухаарах,  алдаагаа засах тэр боломжийг нь үгүйсгэж байгаа хэрэг юм. Иймээс би цаазаар авах ял хэрэглэх явдлыг эцэс болгохын төлөө хичээн чармайж байгаа хувь хүмүүс, байгууллагуудыг дэмждэг юм.  

Өнөөдөр олонхи нийгэмд хүний үнэлэмжийн хөгжил буюу боловсрол нь маш бага байр суурийг эзэлж байна. Тухайлбал бид телевизээс ихэнхдээ хүчирхийлэл, аллага зэргийг л олж хардаг. Энэ нь хүний үнэ цэнэ хэрхэн багасч байгааг харуулж байна.   

Хүн төрөлх чанараараа хүчирхийлэгч биш гэдэгт би итгэдэг. Бид арслан бартай адил биш учраас байгалиас заяасан амьтан алах хурц шүд соёотой төрөөгүй. Буддист үзлээр бол бүх амьд бие мөн чанараараа ариун ялангуяа оюун ухаан нь хамгийн нандин цэвэр зүйл гэдэгт би итгэдэг. Хүн харгис хэрцгий болдог нь тэднийг хүрээлэн буй орчин хийгээд таагүй нөхцөл байдлаас үүдэн гарч байгаа сөрөг сэтгэлээс үүдэлтэй юм. 

Цаазаар авах ялыг хэрэглэж байгаа орнуудад энэ ялыг хэрэглэхээ хязгааргүйгээр хойшлуулахыг уриалсан уриалгыг би чин сэтгэлээсээ дэмжиж байна. Бид бүх нийтийн төлөө үүрэг хариуцлага хүлээж буй явдлыг дэмжих хэрэгтэй юм. Бидний нийгэмд гарч байгаа муу муухай бүхнийг тэтгэж байгаа зэр зэвсгийн тархац, нөхцөл байдлыг багасгаж, бидний оршин амьдрахуйд хайр энэрэл, нигүүлсэл ямар их чухал болохыг тайлбарлах хэрэгтэй юм.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 631339 дахь зочин боллоо.