ЦААЗААР АВАХ ЯЛ БА ГҮЙЦЭТГЭЛ-2014 ТАЙЛАН ГАРЛАА

Дэлхийн улс орнууд нийт 2466 цаазаар авах ял оногдуулсан нь 2013 оныхтой харьцуулахад өсчээ. Гэвч 20 жилийн өмнө буюу 1995 онд Эмнести Интернэшнлийн бүртгэснээр 42 улс цаазаар авах ял гүйцэтгэж байсан бол 2014 онд дэлхийн 22 улс (Хятад ороогүй) хамгийн багадаа 607 гүйцэтгэл явуулсан нь 2013 онд 778 байсантай харьцуулахад 20 орчим хувиар буурч, ерөнхийдөө дэлхийн улс орнууд цаазаар авах ялыг халах чиглэл баримталж байгааг харууллаа.

“Гэмт хэргийн асуудлыг шийдэх зэвсэг хэмээн цаазаар авах ялыг хэрэглэж байгаа засгийн газрууд өөрсдийгөө төөрөгдүүлж байна. Цаазлахаар айлгах нь бусад ял шийтгэлээс илүүтэй гэмт хэргийг зогсоох үр нөлөөтэй гэсэн нотолгоо байхгүй юм. Улс орны болон олон нийтийн аюулгүй байдалд заналхийлэхийн эсрэг авч буй энэхүү бүтэлгүй оролдлого нь үр нөлөөгөө өгсөнгүй. Цаазаар авах ял гүйцэтгэж байгаа цөөн хэдэн улс хүний амьд явах эрхийг зөрчихөө үргэлжлүүлэх эсвэл энэхүү туйлын хэрцгий, хүнлэг бус шийтгэлээс татгалзаж байгаа дийлэнх улс оронтой нэгдэх эсэхээ шийдэх хэрэгтэй” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Салил Шетти өгүүллээ.  

2014 онд цаазаар авах ялын гүйцэтгэлээр тэргүүлж байгаа таван улс болох Иран 289, Саудын Араб 90, Ирак 61, АНУ 35 цаазаар авах ял гүйцэтгэжээ. Жил бүр олон мянган хүнд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэдэг Хятад улсад энэ ял нууцад хамаардаг тул бодит тоон мэдээг тодорхойлох боломжгүй хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна. 

Хятад, Пакистан, Иран, Ирак хүмүүсийг “терроризм” –ийн хэрэгт буруутган цаазалсан бол Умард Солонгос, Иран, Саудын Араб нь цаазаар авах ялыг улс төрийн тэрс үзэлтнүүдийг дарах хэрэгсэл болгож байна. Хятадын эрх баригчид цаазаар авах ялыг Шинжаан Уйгарын өөртөө засах мужид гарсан үймээн самууны эсрэг “ хатуу цохилт” кампанит ажлын залхаан цээрлүүлэх хэрэгсэл болгожээ. Йордан улс найман жил моратори зарласан байснаа 12-р сард цуцалж, засгийн газар нь 11 хүнийг цаазалсаныгаа хүчирхийллийн гэмт хэргийн огцом өсөлтийг намжаахын тулд хийсэн хэмээн зөвтгөжээ. Индонезийн засгийн газар мансууруулах бодис наймаалагчдыг цаазлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Эмнести Интернэшнл цаазаар авах ялын талаарх дэлхийн тоо баримтдаа 2014 онд улс орнууд дотоодын тогтворгүй байдал, гэмт хэрэг, терроризмтэй холбоотой улс орны аюулгүй байдал руу халдаж буй заналхийллийг зогсоохын тулд цаазаар авах ял хэрэглэх нь нэмэгдэж байгааг онцоллоо. Олон улс орнууд улс төрийн “гэмт хэрэг”-ээр тэрс үзэлтнүүдэд цаазаар авах ял  оногдуулсаар байна.

Хүн амины бус ч цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэрэгт дээрмийн, мансууруулах бодистой холбоотой хэргүүд, эдийн засгийн гэмт хэргүүд багтаж байна. Мөн “гэр бүлээс гадуур завхайрсан”, “бурхныг хараасан”, “хараал жатга хийсэн” зэрэг зарим нь гэмт хэрэгт ч хамаарахгүй тохиолдолд цаазаар авах ял оногдуулжээ.

БҮС НУТГИЙН ТОЙМ

АМЕРИК

АНУ нь тус бүс нутагт цаазаар авах ялыг хэрэглэж байгаа цорын ганц улс хэвээр байгаа ба 2014 онд долоон улс 35 цаазаар авах ял гүйцэтгэж, Техас, Миссури, Флорида, Оклахама муж нийт гүйцэтгэлийн 89%-ийг хэрэгжүүлжээ. Вашингтон муж улс 2-р сард цаазаар авах ялын гүйцэтгэлд моратори зарласан ба 2013 онд 95 хүнд энэ ялыг оногдуулсан бол 2014 онд 77 болж, сүүлийн жилүүдэд цаазаар авах ялыг хэрэглэхээ багасгажээ.  

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГ

Энэ бүс нутагт 2014 онд есөн улс 32 цаазаар авах ял гүйцэтгэснийг бүртгэсэн ба үүнд Хятад, Умард Солонгос улсад гүйцэтгэсэн цаазаар авах ялыг баталгаажуулах боломжгүй байсан тул тоон мэдээг оруулаагүй юм. Пакистан энгийн иргэдийг цаазлах асуудлаар моратори зарласнаа цуцалжээ. Индонез улс 2015 онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт цаазаар авах ял гүйцэтгэхээ мэдэгдсэн байна. Номхон далайн орнууд үндсэндээ цаазаар авах ялгүй бүс нутаг байсаар байгаа ч Папуан Шинэ Гвиней ба Кирибати улсын засгийн газар цаазаар авах ялыг сэргээх хандлага ажиглагдлаа.

АФРИКЫН САХАРААС УРАГШ БҮС НУТАГ

2014 онд Экваторын Гвиней, Сомали, Судан гэсэн гурван улс 46 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь өмнөх оныхоос 28 хувиар буурчээ. Мадагаскарын Үндэсний Ассемблей 12-р сарын 10-нд цаазаар авах ялыг халах тухай хууль баталж эерэг алхам авч хэрэгжүүллээ. Нигери улс 2014 онд 659 цаазаар авах ял оногдуулсан нь өмнөх жилийнхээс 141-ээр өссөн байна. Боко Харам бүлэглэлтэй мөргөлдсөн зэвсэгт мөргөлдөөний үеэр бослого үймээн гаргасан хэргээр Цэргийн шүүхээс 70 орчим цэрэгт цаазаар авах ял оногдуулжээ. 

ЕВРОП БА ТӨВ АЗИ

Беларусь нь 24 сар гүйцэтгэл явуулалгүй завсарласан ч наад зах нь гурван хүнийг цаазалж тус бүс нутагтаа гүйцэтгэл явуулсаар байгаа цор ганц улс хэвээр үлдэв. Гүйцэтгэлийг нууцалж гэр бүл, өмгөөлөгч нарт нь хожим нь мэдэгджээ.   

ОЙРХИ ДОРНОД БА ХОЙД АФРИК

2014 онд цаазаар авах ялын гүйцэтгэл найман оронд бүртгэгдсэн ба тус бүс нутгийн дийлэнх буюу арван зургаан улс цаазаар авах ял оногдуулжээ. Иран, Ирак, Саудын Араб нь тус бүс нутгийн нийт гүйцэтгэлийн 90 хувийг, дэлхийн гүйцэтгэлийн 72 хувийг хэрэгжүүлсэн байна. Ираны эрх баригчид 289 гүйцэтгэл явуулсныг хүлээн зөвшөөрч байгаа ч бусад баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар үүнээс гадна 454 хүнийг цаазалсан байна. Египет улс 2014 онд 509 цаазаар авах ял оногдуулсан нь өмнөх жилтэй харьцуулахад 400 гаруйгаар нэмэгджээ. Тус улс шударга бус шүүх ажиллагааны улмаас 4-р сард 37, 6-р сард 183 хүнд олноор нь цаазаар авах ял оногдуулсан юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Olof Blomqvist, Press Officer Asia/Pacific, Tel: + 44 (0) 20 7413 5871, Mobile: +44 (0) 790 4397 956, olof.blomqvist@amnesty.org

Эсвэл

aimncc@magicnet.mn , 319901 утсаар лавлана уу. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 670756 дахь зочин боллоо.