ЗАХИДАЛ УРИАЛГЫН МАРАФОН-2012: ЗУРГААН САРЫН ДАРААХЬ ШИНЭ МЭДЭЭ

ОУНБДНГ-Эрхийнхээ төлөө бичицгээе үйл ажиллагааны үеэр © Эмнести Интернэшнл

Гуантанамо дахь хоригдлууд

Гуантанамод өлсгөлөн зарлаад буй 104 хоригдлын дотор Хуссейн Алмерфеди байгаа аж. Хоёр дугаар сард эхэлсэн уг өлсгөлөн шоронгийн харгис нэгжлэгээс үүдэлтэй хэмээн хоригдлууд гомдол гаргасан байна. Эдгээр гомдлыг харин цэргийн удирдлагууд ул үндэсгүй хэмээн буцаажээ. Өмгөөлөгчид нь дээрх өлсгөлөнг шүүх ажиллагаа явуулалгүй, тодорхойгүй шалтгаанаар хорьж буйг эсэргүүцсэн хөдөлгөөн гэж нэрлэсэн байна. Гуантанамод 166 хүн хоригдож буйн дотор АНУ-ын эрх баригчдын “шилжүүлэхийг зөвшөөрсөн”-өөс хойш урт хугацаагаар хоригдож буй олон арван хүн байгаа юм. Өлсгөлөн зарласан хоригдлуудын олонх нь 2002 оноос хойш шүүхээр орж ял сонсолгүйгээр хоригдож байна.

2013 оны 6 дугаар сарын 18-ны байдлаарх мэдээнээс үзвэл өлсгөлөн зарласан хоригдлуудын 44 нь гуурсаар хооллуулж, 2 нь эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Сэтгэл зүйн бүрэн чадамжтай өлсгөлөн зарлагчийг албадан хооллож байгаа нь анагаах ухааны ёс зүйд нийцэхгүйн зэрэгцээ хоригдлын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулсан явдал болж буй юм. Өлсгөлөн зарлагчдыг 4 дүгээр сарын 13-нд ганцаарчилсан камерт шилжүүлжээ. Эрх баригчид эдгээр хоригдлын эсрэг энэ мэт залхаан цээрлүүлэх арга хэмжээ авч байгаад олон хүмүүс санаа зовниж байна. Албадан хооллох нь харгис, хүнлэг бус, дорд үзсэн харилцааг үүсгэхийн зэрэгцээ санаатайгаар өвчин, зовлон илүү учруулахуйц замаар хийгдсэн тохиолдолд эрүү шүүлтэд ч тооцогдож болдог.
Эрүүл мэндийн Лансет сэтгүүлд 6 дугаар сарын 19-ний дугаарт нийтэлсэн ил захидалд 153 эмч хараат бусаар эмнэлгийн туслалцаа авахыг хүссэн өлсгөлөн зарлагч 13 хоригдлын хүсэлтэд хариу өгөхийг Ерөнхийлөгч Обамагаас шаарджээ.

Гуантанамогийн асуудлаар чимээгүй байсан Ерөнхийлөгч Обама 4 дүгээр сарын 30-нд уг шоронг хаах ёстой гэж үзэж буйгаа дахин илэрхийлсэн байна. Обама 2010 оны 1 дүгээр сарын 22 гэхэд энэ хорих газрыг хаасан байх тухай амласнаас хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрчээ. 5 дугаар сарын 13-нд Хууль зүйн сайд Эрик Холдер Гуантанамог хаах “шинэ хүчин чармайлт” гаргах, үүний тулд захиргаанаас уг асуудлыг наашлуулж чадах хүмүүсийг хайж байгаа тухайгаа мэдэгджээ. Гуантанамо Бэйг хаах тусгай төлөөлөгчийн алба 2-р сард татан буугдсан юм.

5 дугаар сарын 23-нд Ерөнхийлөгч Барак Обама терроризмтэй тэмцэх асуудлаарх гол илтгэлдээ “........эрх зүйн хэм хэмжээг дордуулсан...............” хэмээн Гуантанамог хаах хэрэгтэй байгаа тухайгаа дахин баталжээ. Тэрээр хоригдлуудыг шилжүүлэхэд тавьж буй хоригоо цуцлахыг Конгрессоос хүсч, “бусад орнууд руу явуулах боломжтой хоригдлуудыг боломжийн хэрээр шилжүүлэх” болно хэмээн амлаж, Төрийн департамент, Батлан хамгаалах яаманд гуравдагч орнууд руу хоригдлуудыг шилжүүлэх асуудлыг хариуцах дээд албан тушаалтныг томилсон тухайгаа мэдэгдэж, “Йемен рүү хоригдол шилжүүлэхийг түр зогсоосон байсныг цуцалж байгаа тул хэрэг бүрийг нэг бүрчлэн дахин хянаж үзэх” тухайгаа дурджээ.

 

Зургийн тайлбар: Азза Хиляль Ахмад Сулиман © Эмнести Интернэшнл

Азза Хиляль Ахмад Сулейман

Азза Хиляль Ахмад Сулейман Египетийн эрх баригчид 2011 оны 12-р сард өөрийг нь болон бусад жагсагчдын биед халдсан буруутнуудыг яллаж, шийтгэхгүй байгаад урам хугарснаа илэрхийлжээ. 4 дүгээр сарын дундуур хэргийг мөрдөн шалгах явц хир байгааг харахаар Кайрогийн давж заалдах шатны шүүхэд очсон ч шүүгчийн нарийн бичгээс мөрдлөг дуусаагүй л байгаа гэснээс өөр хариу сонсоогүй тухай түүний өмгөөлөгч Эмнести Интернэшнлд ярьжээ.

 

Гирифна

Эмнести Интернэшнл 6 дугаар сард Гирифнагийн гишүүдтэй уулзаж ярилцсан юм. 2012 оны 6-8 дугаар сарын хооронд дараалан өрнөсөн тайван жагсаалын эсрэг авсан хариу арга хэмжээний улмаас Суданы идэвхтнүүдийн нөхцөл байдал хүндхэн хэвээр байгааг онцолсон байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайвнаар хуран цуглах, эвлэлдэн нэгдэх зэрэг хүний үндсэн эрх зөрчигдсөөр байгаа энэ үед аюулаас хамгаалах албаны анхааралд өртөхгүйн тулд Гирифна хөдөлгөөнийхөн тус нутаг дахь ихэнх ажлаа нэрээ нууцлан явуулж байгаа билээ. Улс төрийн явцуу хүрээнд бус мөн ажлынх нь гол хэсэг болсон эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлаар /саяхан багш, профессоруудын нийгэмд эзлэх байр суурийн талаар видео хийсэн/ мөн эргэн анхаарч эхлээд байна. Түүнчлэн одоогоор уг байгууллага гишүүн элсүүлэхээс илүүтэй нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд гол ач холбогдлыг өгч байгаа юм.

 

Бодочууд

Харамсалтай нь цэвэрлэгээ, нөхөн төлбөр олгох асуудлаар одоо хүртэл ахиц дэвшил гараагүй л байна. Тус нутгийн ундны ус бохирдолтой хэвээр байгаа ба эндээс ууж болохгүй гэх Засгийн газрын агентлагийн анхааруулга хүртэл гарч эхэлжээ. Үүнийг үл хайхран Засгийн газар тэднийг ундны усны өөр эх үүсвэрээр хангахгүй байгаа юм.

Нигери багийнхан саяхан Нигерит асгарсан газрын тосны улмаас эмэгтэйчүүдэд учирч буй хор хөнөөлийн асуудалд анхаарал хандуулсан байна.

Нутгийн иргэдийн яриа:

“Хүн амын бусад хэсгээс илүүтэй эмэгтэйчүүд газрын тосны бохирдлын хор хөнөөлийг амсаж байна. Эмгэн хумс, түлш түлээ түүх, ус авах зэрэг газрын тосоор ихээхэн бохирдсон газар нутагт ажиллаж буй эмэгтэйчүүдийн амьдрал хүнд нөхцөлд байна. Үүнээс үүдэн олон эмэгтэй цагаачилсан. Бохирдсон голын ус уусан олон хүн амиа алдаж байна. 2008 оноос өмнө Бодочууд тэдгээр хүмүүсийн эрхийн асуудалд тоомжиргүй хандаж байсан юм. Шелл компани 1958 онд нефть дамжуулах хоолойг суурилуулснаас хойш шинэчилэн засварлаагүй өдий хүрсэн”
Чийф Сант Пий / Бодогийн ахлагчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан/

“Бодо дахь амь зуулгын хоёр гол хэрэгсэл болсон газар тариалан эрхлэх, загасчилах газар нутаг газрын тосны бохирдолд нэрвэгдээд байна. Энэ газар нутгийн усыг унданд хэрэглэхэд аюултай болсон”.
Чийф Лиймо /Бодогийн ахмадын зөвлөлийн дарга асан, 2009-2012/

 

Чиу Хо Шун

Данийн Эмнести Интернэшнл Чиу Хо Шуниас дараахь сэтгэл хөдлөм захидлыг хүлээн авсан юм:

Эрхэм анд нөхөд өө,

Энх тайвныг хүсэн мэндчилж байна! Есүс үргэлж та бүхнийг хайрлан, харж хамгаалах болтугай. Тайванийн шүүх намайг хилс хэрэгт шийтгэснээс хойшхи 9000 дахь өдөр энэ оны 12 дугаар сарын 6-нд тохиож байна. Мэдээж энэ хугацаа аймшигтай, өршөөлгүй байлаа. Гэр бүл, найз нөхдөө зүүдэлж, нулимсан далай, харанхуйд чимээгүйхэн урсан өнгөрөгч 24 жил, 8 сарын хугацаанд хэн миний зовлонг хуваалцав, хэн миний сэтгэлийн шархыг нөхөв? Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найз нөхөд, тэдний хайр ивээл надад гайхамшигтай хүч чадал өгсөн. Шорон хэзээ ч зүрхэн дэх хайрыг минь хорьж чадахгүй, хэчнээн их зовлон шаналал ч сэтгэл зүрхийг минь хорьж дийлэхгүй, хүсэл зоригийг минь бас мохоохгүй хэмээн би шөнө бүр зуун удаа, мянган удаа бурханд залбирсаар ирсэн юм.
Саяхнаас би дэлхийн өнцөг булан бүрээс, нөхдөөсөө ил захидал, захиа хүлээн авч эхэлсэн. Гадаад хэл мэдэхгүй надад зориулан эдгээрийг хятад хэл рүү орчуулсанд баярлалаа. Үнэхээр сэтгэл хөдөлсөн. Мөн зүрх сэтгэлээрээ намайг дэмжин, үнэн шударгын төлөө тэмцэж буй хүн бүрт маш их талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний хайр, анхааралд талархахын ялдамд Тайванийн шүүх тогтолцоонд шударга байдлыг тогтоохын төлөө би эцсээ хүртэл тэмцэх болно.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нөхөд минь намайг халамжилж байлаа. Зарим нь хэдий амьдралд минь зурвасхан ирээд л буцсан ч, үлдсэн олонхи нь миний чин зүрхний андууд болсон юм. Амьдралд түрхэн айлчилсан тэдгээр найзууд минь ч сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Эрхэм нөхөд минь, намайг гэсэн бүх чин хүсэл тань надад хүч чадал, урам зориг авчрах болно. Баярлалаа! Захианыхаа төгсгөлд бүх анд нөхөддөө гэр бүл тань амар тайван, эв найртай байх болтугай хэмээх ерөөл дэвшүүлж буйг минь хүлээн авна уу..
12/06/12-ны шөнө
Чиу Хо Шун
Тайпейгийн түр саатуулах байр

 

Захидал Уриалгын Марафон-2012 – Грек, Афин © Коминис студи-Николас Коминис

 

Коастей гудамжны айл өрхүүд

“Яг одоо, Цыганчуудад эрхийг нь эдлүүлцгээе” шинэ кампанит ажлын хүрээнд 2013 оны 6 дугаар сарын 18-нд “Зах хязгаар руу хөөгдсөн нь: Румын улс дахь цыганчуудыг албадан нүүлгэсэн тухай таван түүх” хэмээх тайлан гарсан билээ.

Цыган иргэдийн төлөөлөл Европын Комисст хандан Европын Холбооны улсуудад цыган иргэдийг алагчлах үзлийг халах бүсийн кампанит ажлын төлөвлөлт, хэрэгжилтэд оролцохоор 2013 оны 2, 4 дүгээр сард Бруссельд очсон. Эдгээр төлөөлөгчдийн тав нь ЭИ-ийн төлөөлөгчидтэй хамтран Бухарестийн талаарх шинэ тайлан гаргахаар ажиллахын хажуугаар нутгийн захиргааныханд ухуулга сурталчилгаа хийх уулзалтуудад оролцсон юм.

Орон нутгийн хэмжээнд кампанит ажил зохион байгуулахад ихээхэн зүтгэл гаргасан ч албадан нүүлгэлтээс хойшхи хоёр жил гаруйн хугацаанд хуучин химийн болон ахуйн хэрэглээний хог хаягдалтай ойр, шаардлага хангаагүй орон сууцанд амьдарсаар буй цыган иргэдийн байдалд огтхон ч ахиц дэвшил гараагүй хэвээр байна. Гэхдээ 2012 оны 12 дугаар сард иргэдийн төлөөлөл, Эмнести Интернэшнл , орон нутгийн болон олон улсын төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулсан томоохон үйл ажиллагааны үр нөлөөгөөр Клуж Напока хотын дарга Пата Рат дахь цыган иргэдийн нөхцөл байдлыг нарийвчлан судалж, хотын захиргаанаас хэрэгжүүлэх төлөвлөгөө (нийтийн байраар ханган, нийгэмшүүлэх төв байгуулж, нүүн ирж буй хүмүүсийг ажиллах боломжоор хангахын тулд Пата Ратад жижиг бизнесийг дэмжих бүс нээх зэргээр цыган иргэдийг хотын төвийн бүсэд орох боломжтой болгох)-г танилцуулсан юм.

Алес Байлиацки © Жулиа Дарашкевич

Алес Байлиацки

Алес Байлиацки хагас жил хүнсний илгээмж авахгүй байх сануулгыг 3 дугаар сарын сүүлээр авчээ. Эхнэр Наталиа Пинчук нь хувцас бүхий илгээмж хүргэж өгөхөөр 5 дугаар сарын 16-нд Бобруйскийн колони руу явсан байна.

5 дугаар сарын 27-ны өдөр Истанбулд Алес Байлиацки Хүний эрхийн төлөөх Олон улсын холбооны Дэд Ерөнхийлөгчөөр дахин сонгогджээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 6 дугаар сарын 4-ний 23 дахь чуулганаараа Беларусь дахь хүний эрхийн нөхцөл байдлыг авч үзсэн байна. Беларусийн асуудлаарх Тусгай илтгэгч Миклош Харасти 2013 оны 4-р сарын 18-нд хэвлэгдсэн тайлангаа танилцуулсан юм. Тайландаа тэрбээр хүний эрх, ялангуяа эвлэлдэн нэгдэх, эвсэл холбоонд орох, үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүгдэх эрх системчлэлтэй, зохион байгуулалттайгаар зөрчигдсөн хэвээр байна хэмээн мэдэгджээ.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 542056 дахь зочин боллоо.