ХЯТАД: ЗУРГААН САР ӨНГӨРӨӨД БАЙГАА Ч ШИНЭ ХУУЛЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

2013 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон Хятадын шинэ эрүүгийн байцаан шийтгэх хууль нь хүний эрхийн зөрчлийг хуулиар дархалсны дээр уг хууль дахь цөөн ахиц дэвшил амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нь томоохон ухралт болсон тухай Эмнести Интернэшнл 7-р сарын 15-нд гаргасан товч мэдээлэлдээ өгүүлжээ.


“ Олон жил зарцуулж, боловсруулсан уг хуулийн шинэчлэл цагдаа, орон нутгийн эрх баригчдын хамгийн муу дадал зуршлыг хуулиар дархалж өгсөн нь сэтгэл зовоож байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Хятадын асуудлаарх судлаач Коринна-Барбара Франсис өгүүллээ.


Шинэ хуулиар цагдаа нар хүмүүсийг ямар үндэслэлээр баривчилан, хаана саатуулж буйг хэлэлгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар хорих эрхтэй болсон юм.


Хятадын муу нэрээр алдартай засан хүмүүжүүлэх газар болох Масаньцзя дахь эрүү шүүлт, бусад зүй бус харьцааг илчилсэн кино бүтээсэн Ду Бинийг 6 дугаар сарын 1-нд Бээжингийн цагдаагийн газраас баривчилжээ. Түүнийг түр саатуулах байранд 2 долоо хоног гаруй хугацаагаар хорьсон байна. Цагдаад холбоо барих хаяг өгсөн ч гэрийнхэнд нь хаана саатуулагдаж буй талаар нь бүү хэл, баривчлагдсан тухай нь ч дуулгаагүй байсныг тэрээр 7 дугаар сарын 8-нд батлан даалтаар суллагдсаныхаа дараа ярьжээ.


Мөн эрүүгийн хэрэгт сэжиглэгдэгчдийг өмгөөлөгчтэй уулзуулахгүйн тулд цагдаагийнхан “улсын аюулгүй байдалд заналхийлсэн”, “терроризм” зэрэг “ноцтой гэмт хэрэг”-т холбогдуулан яллаж байгааг шинэ хууль улам өөгшүүлээд байна. Бодит байдал дээр үзэл бодлоо илэрхийлэх болон бусад эрхээ эдэлснийхээ төлөө хувь хүн эдгээр гэмт хэрэгт буруутгагдан шийтгүүлж байгаа юм.


Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Лю Пин бол дээрхийн нэгэн жишээ юм. Түүнийг хүний эрхийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө “засгийн эрхийг түлхэн унагахад өдөөн хатгасан” хэрэгт сэжиглэн, 4 дүгээр сарын 27-нд Синьюйгийн (Цзянси аймаг) цагдаагийн газарт саатуулжээ. 7 дугаар сарын 18-нд болох шүүх ажиллагаа нь ойртож байгааг үл харгалзан цагдаагийн газраас “улсын аюулгүй байдал”-тай холбоотой хэрэгт сэжиглэгдсэн гэх шалтгаар өмгөөлөгчтэй нь уулзуулахаас татгалзсаар байна.


Шинэ хуулийг өмнөхтэй нь харьцуулахад сэжигтнийг шүүх ажиллагааны эрт үед өмгөөлөгч авах эрхээр хангах, хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг хориглох тухай заалтуудыг чангатгасан хэдий ч, эрх баригчид хуулийн энэ хамгаалалтыг үл ойшоож байна.


“1 дүгээр сарын 1-нээс хойшхи энэ хугацаанд хуулинд оруулсан ахиц дэвшил хэрэгжихгүй байгаа ба ялангуяа улс төрийн хэрэгт сэжиглэгдсэн хүний эрхийн төлөө тэмцэгчид, бусад идэвхтнийг шүүх ажиллагаанд огт хэрэглэхгүй байна. Цагдаа, орон нутгийн шүүх амьдрал дээр хэрэгжүүлэхгүй бол хууль хэчнээн сайжраад нэмэргүй. Харамсалтай нь уг хуулийг хэрэгжүүлэх хүсэл зорилго үгүйлэгдэж байна” хэмээн Франсис ярьжээ.
Цагдаа нар баривчлагдагсдыг хуулинд зааснаас урт хугацаагаар түр саатуулах газарт хорьж, өмгөөлөгч, гэр бүлтэй нь уулзуулаагүй олон тохиолдол өнгөрсөн зургаан сарын хугацаанд гарчээ.
Хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтын асуудлыг сөхөж тавих эрхийг нь хуульчилж өгсөн хэдий ч ингэснийхээ төлөө өмгөөлөгчид ял сонсож байна.


Цзянсу аймгийн Цзиньцзян хотын Ардын шүүх Фалуньгун шашны сургаалыг баримтлагчийг шүүх ажиллагааг эрүүдэн шүүж авсан нотлох баримтанд тулгуурлан явуулсан байж болзошгүй тухай гомдол гаргасан өмгөөлөгч Ван Кван Чжаныг 2013 оны 4-р сарын 4-нд байцаажээ.


Вангийн гаргасан нотлох баримтыг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүгч татгалзаж, шүүхийн шийдвэрт саад учруулсан гэж буруутган баривчлах тушаал гаргасан байна.


“Шинэ хуулийн заалтын дагуу нотлох баримтыг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахын оронд шударга ёсыг зөрчин түүнийг захиргааны журмаар 10 хоног саатуулах шийдвэр гаргасан. Хятадын цахим сүлжээгээр өргөн хүрээтэй өрнөсөн эсэргүүцлийн хүчээр Ван 48 цагийн дараа суллагдлаа. Хүний эрхийн олон улсын жишигт нийцсэн дотоодын хууль боловсруулахад Хятадын эрх баригчдын зүгээс хийж чадах, хийх ёстой зүйлүүд их бий. Харамсалтай нь уг хуулийг засаж сайжруулахын тулд бүр эхнээс нь дахин боловсруулах хэрэгтэй” хэмээн Франсис ярьсан байна.


Эмнести Интернэшнлийн "Хятад Улсын 2013 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль: Олон улсын жишиг хэмжээнд нийцсэн үү?" хэвлэлд дээрх жишээ баримтыг дэлгэрэнгүй дурдаж, өдөр тутмын хуулийн хэрэгжилт хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа тухай мэдээллийг багтаасан.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 560963 дахь зочин боллоо.