Крымд бүх нийтийн санал хураалтын өмнөхөн хүчирхийлэл, сураггүй алга болгох явдал нэмэгджээ. Тус улсад үүсээд байгаа сөргөлдөөн, Украйн, ОХУ-ыг дэмжигчдийн хооронд үүсээд буй хүчирхийлэл нь Крым, Украйнд хүний эрхийн асуудлаар яаралтай хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлагатай байгааг харууллаа.
ОХУ Крымийн хойгт цэрэг оруулснаар Украйны өмнөд ихэнх мужууд гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байна. Идэвхтнүүд, сэтгүүлчдийг цэргийнхэн айлган сүрдүүлж, халдаж байгаа тухай мэдээлэл нь хүний эрхийн зөрчил өргөн тархсныг харууллаа.
Крымийн нийслэл Симферополд 3-р сарын 13-ны шөнө гурван идэвхтэн сураггүй алга болжээ. Тэднийг хөөж, буудаж байгаа тухай утсаар ярьснаас хойш холбоо тасарсан байна. Тэдний хоёрынх нь гар утсыг нийслэлийн ойролцоох цэргийн хүчин байрлаж буй нутгаас олжээ. Эмнести Интернэшнл Крымийн эрх баригч нарт хандан тэдний байгаа газрыг яаралтай олж тогтоон нөхцөлгүйгээр суллах, хүмүүс айх айдасгүйгээр тайван замаар эрхээ эдлэх боломжийг олгохыг шаардаж байна.
Дэлхий ертөнц Крымд анхаарлаа хандуулсаар байгаа ч хүний эрхийн зөрчил газар сайгүй үргэлжилсээр байна. Цагдаа нар тайван замаар хууран чуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж буй хүмүүсийг хамгаалах үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Донецкт ажилласан Эмнести Интернэшнлийн төлөөлөгч жагсаал цуглааныг ажиглан, цагдаагийн хамгаалалтыг сайжруулахгүйгээр цаашид хохирол амсах эрсдэлтэйг тэмдэглэжээ. Жагсаалд оролцогч “цагдаа нар биднийг хамгаалахыг хүсэхгүй, бэлэн биш байна. Ихэнх хүмүүс жагсаал цуглааныг орхиод явсан хойно бид халдлагад өртсөн” хэмээжээ.
Киев дэх засгийн газрыг өөрчилсөн Маяданы сөргөлдөөнөөс хойш Донецкт тайван замаар эсэргүүцэж байсан жагсаал хүчирхийлэл болж хувирчээ. Сөргөлдөөн хурцдаж байгаа энэ үед цагдаа тайван замаар жагсагчдын эрхийг адилхан хүндэтгэж, хамгаалах ёстой хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна.
“Украйн улсын Парламент энэ оны 1-р сарын 16-нд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хуран чуулах, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах тухай шинэ хуулийн төсөл баталснаар 20 жилийн турш явагдаж байгаа хүний эрхийн өөрчлөлт шинэчлэлтийг үгүй хийлээ. Саяхан ОХУ-д баталсан хуулийн бодит хуулбар болох эдгээр хуулиуд нь Киев хотын Маядан талбайд болсон засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцогчдыг яллах, өөрөөр сэтгэгчдийг чимээгүй болгох эрх мэдлийг Украйны эрх баригч нарт олгосон захиалгаар хийгдсэн хууль” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти өгүүлжээ.