ЭРҮҮ ШҮҮЛТИЙН ХОХИРОГЧДОД ТУСЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

2011 оны 6 дугаар сарын 26 буюу Эрүү шүүлтийн хохирогчдод туслах олон улсын өдрөөр Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гишүүд дэмжигчид Эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажлыг олон нийтэд хүргэх, гарын үсэг цуглуулах, мөн Хүнийг хүндэл, Улс орнуудын төлөөх кампанит ажлын хүрээнд гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд 14.00-19.00 цагийн хооронд, мөн Багануур дүүрэгт зохион байгууллаа. Үүнд:

1. Монгол дахь хорих, цагдан хорих газруудад гарч болзошгүй эрүү шүүлт, зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-д Монгол улс нэгдэн орохыг уриалсан захидал уриалга 

2. Хорих газрын удирдлагуудад хандан эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа эсэхийгээ баталгаажуулахыг шаардсан ил захидал 

3. Хүнийг хүндэл, улс орнуудын төлөөх кампанит ажлын хүрээнд Перу, Буркина Фасо, 

4. МХЗ-ийн хүрээнд эхийн эндэглийг бууруулах асуудлаар, 

5. НигерДельта-компанийн хариуцлага, 

6. Энэтхэг, Одесса-хүчээр нүүлгэн шилжүүлэх, 

7. Малайз-дүрвэгсэдийн асуудлаар ил захидалд нийт 1000 гаруй гарын үсэг цуглуулж эрх баригч нарт илгээлээ. 

Мөн Эмнести Интернэшнлийн 50 жилийн ойг тохиолдуулан дэлхий даяарх салбаруудаас хэвлэн гаргасан эрүү шүүлттэй холбоотой зурагт хуудасны үзэсгэлэн, хүний эрхийн төлөө сан арвижуулах нээлтийн үйл ажиллагааг 6-р сарын 30-ны өдөр Аполлон галарейд зохион байгууллаа. Нээлтэд НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас, Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, УЕПДМБА-ны дарга, ХЭҮК-ийн төлөөлөгчид урилгаар оролцон үг хэлж, төрийн болон ТББ-ын төлөөлөгчид, шашны төлөөлөл хүрэлцэн ирж зурагт хуудасны үзэсгэлэнг үзэж сонирхов. 

Эрүү шүүлтийн хохирогчдод туслах олон улсын өдрийн талаарх үндсэн мэдээлэл

1987 оны 6 дугаар сарын 26-нд Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенц хүчин төгөлдөр болжээ. 1997 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей эрүү шүүлтийн хохирогчдод туслах, мөн эрүү шүүлтийг таслан зогсооход анхаарал хандуулах зорилгоор энэхүү түүхэн өдөр буюу жил бүрийн 6-р сарын 26-ныг Эрүү шүүлтийн хохирогсдод туслах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна. Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах нь бусармаг, ёс суртахуунгүй хамгийн ноцтой хүний эрхийн зөрчил бөгөөд сая сая хүмүүс мөн тэдний гэр бүлийнхэнд асар их гарз хохирол учруулдаг. Тиймээс ч эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааг олон улсын хууль, дайны хуулиар хориглосон байдаг. Бие махбодид гарсан шарх маш аймшигтай байдагтай адил сэтгэлзүйн болоод сэтгэлийн шарх хамгийн уй гашуу авчирдаг бөгөөд нөхөн сэргээхэд хамгийн хэцүү байдаг. 

Эрүү шүүлтэд өртөөд амьд үлдсэн хүмүүст амьдрал ихэвчлэн хар дарсан зүүд шиг санагддаг бөгөөд тэд хэнд ч итгэдэггүй тэр бүү хэл гэр орныхондоо хүртэл итгэж чаддаггүй болдог байна. Энэ сөрөг үр дагавараас сэргийлж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан хэлэхдээ “өнөөдөр НҮБ бүх засгийн газрууд, иргэний нийгмийн гишүүдийг эрүүдэн шүүгчидтэй тэмцэхийг уриалж байна. Энэ өдөр бол төсөөлшгүй ихээр шаналж зовж байгаа тэр хүмүүст анхаарлаа хандуулж, тэр хүмүүст хүндэтгэл үзүүлэх ёстой өдөр. Энэ өдөр бид “эрүү шүүлт” байх ёсгүй, ярих ч ёсгүй тэр аймшигт зүйлийг хэрхэн таслан зогсоох устган алга болгох талаар дэлхий нийтээрээ ярилцаж байх болно” хэмээн өгүүлсэн юм. 

Эмнести Интернэшнл 1972 оноос эрүүдэн шүүхийг халах анхны даян дэлхийн кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь 1975 онд НҮБ-аас эрүү шүүлтийн талаарх тунхаглал батлагдах үндэс болсон юм.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 633684 дахь зочин боллоо.