ЦААЗААР АВАХ ЯЛ 2011: ЦААЗААР АВАХ ЯЛ ТҮҮХЭНД ҮЛДЭХ ӨДӨР ОЙРТСООР БАЙНА

2011 онд улс орнууд цаазаар авах ялын гүйцэтгэл явуулсан нь арван жилийн өмнөхөөс гуравны нэгээр буурсан үзүүлэлт гарсныг “цаазаар авах ял ба гүйцэтгэл” жил бүрийн тайландаа Эмнести Интернэшнл дурджээ.

Өнгөрсөн жил 198 орны 20 нь буюу дэлхийн улс орнуудын 10 хувь нь цаазаар авах ялыг хэрэгжүүлсэн байна.

Пакистанд бурхныг хараасан, Саудын Арабт ид шид хэрэглэсэн, хараал хийсэн, Конгийн Бүгд Найрамдах улсад хүний яс наймаалсан, Иранд гэр бүлээс гадуур завхайрсан, бэлгийн гаж үйлдэл хийсэн зэрэг гэмт хэрэг, бусад 10 гаруй улс мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулж, толгойг нь авах, дүүжлэх, хортой тариа хийх, буудах зэрэг хэлбэрийг ашиглан гүйцэтгэжээ.

2011 онд дэлхийн улс орнуудад 676 гаруй хүнийг цаазалсан ба оны эцэст цаазаар авахуулах ялтай 18750 хүн үлджээ.

Эмнести Интернэшнл нь тайландаа цаазаар авах ялын талаарх тоо баримтаа нууцалж, мянга мянгаар нь цаазалсан Хятад улсын тоо хэмжээг оруулаагүй юм. Тайланд дурдсан тоо нь албан ёсны биш ч баттай эх сурвалжаас авсан мэдээллүүдийг багтаасан болно.

Тус байгууллагаас Хятадын эрх баригчдад хандан сүүлийн 4 жил хууль практикт нэмэлт өөрчлөлт оруулснаар цаазаар авах ялын хэрэглээ буурсан хэмээсэн мэдэгдлээ баталгаажуулахын тулд цаазаар авах ял оноосон, гүйцэтгэсэн талаарх тоо баримтаа хэвлэн нийтлэхийг дахин шаардлаа.

Ойрх Дорнодод цаазаар авах ялын гүйцэтгэл өмнөх жилийнхээс 50 орчим хувиар өсчээ. Энэ гүйцэтгэлийн дийлэнхийг Ирак(наад зах нь 68), Иран( наад зах нь 360), Саудын Араб(наад зах нь 82), Йемен(наад зах нь 41) гэсэн дөрвөн оронд хэрэгжүүлсэн нь Ойрх Дорнод ба Хойд Африкийн улсуудад гүйцэтгэсэн ялын 99 орчим хувийг эзэлж байна.

Иран улс олон улсын эрх зүйг зөрчин насанд хүрээгүй 3 хүүхдийг цаазаар авчээ. Мөн цаазаар авах ялын гүйцэтгэлийг нэмэгдүүлж байна.

Эдийн засгаараа тэргүүлэгч Их Наймын орнуудаас АНУ нь цаазаар авах ялыг гүйцэтгэсэн цорын ганц улс болж, 43 хүнийг цаазалжээ. 2 хүнийг цаазалсан Беларусийг эс тооцвол Европ тив нь цаазын ялгүй бүс нутагт тооцогдлоо. Номхон далайн бүс нутагт Папуа Шинэ Гвиней улс 5 хүнд цаазын ял оноосон байна.

Беларусь, Вьетнамд цаазаар авах ялыг гүйцэтгэх тухай хоригдол, гэр бүл, өмгөөлөгч нарын хэнд нь ч урьдчилан мэдэгддэггүй аж. Хойд Солонгос, Саудын Араб, Иран, Сомалид олон нийтийн өмнө цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тухай мэдээлэл бүртгэгджээ.

Хятад, Иран, Ирак, Хойд Солонгос, Саудын Араб зэрэг цаазаар авах ялыг хэрэглэдэг ихэнх улс оронд эрүүдэн шүүх, бусад замаар албадан хэрэг хүлээлгэж ял тулгах зэргээр шүүх ажиллагаа нь олон улсын шударга шүүхийн хэм хэмжээнд нийцээгүй байна.

Саудын Араб, Малайз, Сингапур, Тайланд улсад гадаадын иргэдэд ялгавартайгаар цаазаар авах ялыг хэрэглэж байна.

Хятадын Засгийн газар “цагаан захтнууд”-тай холбоотой 13 хүний хэрэгт цаазаар авах ял оноохыг зогсоосны зэрэгцээ Үндэсний Ардын Хурал эрүүдэн шүүж хүлээлгэсэн хэргийг өөрчлөх, өмгөөлөгчийн үүргийг нэмэгдүүлэх, цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэрэгт сэжигтнийг өмгөөлөгчөөр хангах асуудлуудыг хэлэлцжээ.

АНУ-д цаазаар авах ял оноох, гүйцэтгэх нь арван жилийн өмнөхөөс буурсан үзүүлэлт харагдаж байна. Иллинойз нь цаазаар авах ялыг халсан 16 дахь муж улс боллоо. Ореган мужид цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоосон ба гэмт хэргийн хохирогчид цаазаар авах ялыг эсэргүүцдэгээ илэрхийлсээр байна.

“2011 онд цөөн тооны улс цаазаар авах ялыг хэрэгжүүлсэн нь дэвшлийн нэг илрэл юм. Хэдийгээр энэ нь жижиг алхам ч цаашид цаазлах ялыг халахад хувь нэмэр болно. Энэ нь гэнэт болох үйл явдал биш ч цаазаар авах ял түүхэнд үлдэх өдөр ирнэ гэдэгт бид итгэдэг.” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга Салил Шетти өгүүлжээ.

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцдэг. Энэ нь хүний амьд явах эрхийг зөрчдөг туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл юм.

Бүс нутгийн тухай

Америк тив
Энэ тивд АНУ нь цаазаар авах ялыг гүйцэтгэсэн цорын ганц орон болон үлдсэн ба цаазаар авах ялыг хэвээр хадгалж үлдсэн 34 муж улсын 13 нь нийт 43 хүнийг цаазалсан хэдий ч энэ нь 2001 оныхтой харьцуулахад гуравны нэгээр, 2011 онд 78 хүнд цаазаар авах ял оноосон нь 2001 оныхтой харьцуулахад 2 дахин тус тус багасжээ.

Карибын тэнгисийн орнууд Цаазаар авах ялын гүйцэтгэлгүй бүс нутагт хамаарч цаазаар авах ял оноох нь цөөрч байна. Гуяана, Сэнт Лусиа, Тринадад ба Тобаго улсууд нийтдээ 6 хүнд цаазаар авах ял оногдуулжээ.

Ази Номхон далайн бүс нутаг
Энэ бүс нутгийн 7 улсад наад зах нь 51 хүн цаазалж, 18 улсад наад зах нь 833 хүнд энэ ялыг оногдуулжээ. Үүнд Хятад улсын тоо хэмжээг оруулаагүй болно. Номхон далайн дэд бүс нутаг Папуа Шинэ Гвинейд 5 хүнд цаазаар авах ял оноосныг эс тооцвол цаазын ялгүй бүс нутагт багтжээ. Япон сүүлийн 19 жилд анх удаагаа цаазын ял гүйцэтгээгүй ба Сингапурт мөн гүйцэтгэл явуулаагүй байна.

Африкийн Өмнөд хэсэг
2011 онд чухал дэвшлүүд гарсан буюу Бенин НҮБ-ын цаазаар авах ялыг халах тухай гэрээг соёрхон батлах хуулийн төслийг дэмжиж, Сьерра Леон, Нигериа албан ёсоор гүйцэтгэлд мораториум зарлаж, баталгаажуулсан. Ганийн Үндсэн Хуулийн Хяналтын Хороо цаазаар авах ялыг халахыг зөвлөжээ. Сомали, Судан, Өмнөд Суданд 22 хүнийг цаазаар авснаар тус бүс нутгийн 49 орны 14 нь цаазаар авах ялыг хэрэглэдэг орнуудын тоонд үлджээ.

Ойрх Дорнод ба Хойд Африк
2011 онд 8 оронд наад зах нь 558 хүнийг цаазлаж, 15 оронд 750 хүнд цаазаар авах ял оноожээ. Хүчирхийлэл үргэлжилсээр байгаа Ливи, Сири, Йемен зэрэг орнуудад цаазаар авах ял хэрэглэсэн тоо баримтуудыг олж авахад бэрхшээлтэй байлаа.

Ливид шүүхээс оноосон цаазаар авах ял, гүйцэтгэсэн тухай мэдээллийг авах боломжгүйгээс гадна, хуулиас гадуур цаазлах, эрүүдэн шүүх, дур зоргоор баривчлах явдал тасрахгүй байна.

Иран, Ирак, Саудын Араб, Йемен дөрвөн улс Ойрх Дорнод ба Хойд Африк дахь нийт цаазаар авах ялын гүйцэтгэлийн 99 хувийг хэрэгжүүлжээ.

Алжир, Йордан, Кувейт Ливан, Морокко/Баруун Сахар ба Катар улсын эрх баригчид цаазаар авах ялыг оноож байсан ч гүйцэтгэхээс татгалзав.

Европ ба Төв Ази
Беларусь нь 2011 онд 2 хүнийг цаазалснаар Европ болон хуучин ЗХУ-ын улс орнууд, Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагуудын орнуудаас ганцаараа энэ ялыг хэрэгжүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Tom Mackey Amnesty International Press Office +44 207 413 55 66 tom.mackey@amnesty.org @amnestypress хаягаар авна уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538706 дахь зочин боллоо.