ЦААЗААР АВАХ ЯЛ 2012 ОНД: ЗАРИМ НЭГ УХРАЛТЫГ ЭС ТООЦВОЛ ЦААЗЫН ЯЛГҮЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ТУН ОЙРХОН ИРЖЭЭ

Өнгөрсөн онд 21 улс 682 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад буурч, 58 улс 1,722 хүнд энэ ялыг оногдуулсан нь өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гэвч эдгээр тоонууд нь Хятад улсын нууцалж байгаа тоо баримтыг оруулаагүй юм.

“Дэлхийн өнцөг булан бүрд цаазаар авах ял нь өнгөрсөн үед үлдсэнийг санагдуулж байна. 10 улс орны нэг нь цаазаар авах ял гүйцэтгэж байгаа ба тэдгээр улсын эрх баригчид бусад нь аль хэдийн ардаа орхисон тэр хэрцгий хүнлэг бус ял шийтгэлийг өнөөг хүртэл яагаад хэрэглэж байгаагаа өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Зарим улс орнууд ухралт хийсэнд харамсаж байгаа ч энэ нь цаазаар авах ялын эсрэг дэлхийн чиг хандлагыг зогсоож чадахгүй юм.” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Салил Шетти өгүүллээ.

Хятад, Иран, Ирак, Саудын Араб, АНУ нь цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ дэлхийд тэргүүлсээр байна. Саудын Арабт толгойг нь цавчиж цаазлах аргыг хэрэглэжээ. Мансууруулах бодистой холбоотой, эдийн засгийн болон “урвасан”, “бурхныг хараасан”, “садар самуун”-ы гэх хүчирхийллийн бус хэрэгт цаазаар авах ялыг оногдуулсаар байна.

Ази Номхон далайн бүс нутагт Энэтхэг, Япон, Пакистан улс нь олон жил цаазаар авах ялыг гүйцэтгэлгүй явсаар ирсэн ч 2012 онд дахин хэрэглэсэн нь ухралт болсон. Арваннэгдүгээр сард 2004 оноос хойш энэ ялыг хэрэглээгүй байсан Энэтхэг улс Ажмал Касабыг 2008 оны Мумбайд болсон зэвсэгт халдлагад оролцсон хэргээр дүүжилжээ. Японд цаазаар авах ял гүйцэтгэлгүйгээр 20 сар болсон хэдий ч 2012 оны гуравдугаар сард 3 хүн, оны төгсгөлд 4 хүнийг цаазаар авчээ. Хятад улс дахин бусад улс орнуудын нийлбэр дүнгээс илүү олноор цаазаар авах ялыг гүйцэтгэсэн мэдээллийг нууцалж байгаагаас бодит тоон мэдээг авах боломжгүй байлаа. Хэдий тийм боловч энэ бүс нутагт дэвшил гарч Вьетнам цаазаар авах ял гүйцэтгээгүй ба Сингапур цаазаар авах ялыг түдгэлзүүлж, Монгол улс олон улсын гэрээнд нэгдэн орж, цаазаар авах ялыг бүрэн халахаа амлалаа.

Ойрх Дорнод ба Хойд Африкт дэвшил гарсан ч цаазаар авах ялын хэрэглээ санаа зовоосон асуудал хэвээр байв. Иран, Саудын Араб, Ирак, Йемен улсад тус бүс нутгийн цаазаар авах ялын 99 хувийг гүйцэтгэжээ. Ялангуяа Ирак 129 хүнийг цаазалж өмнөх оныхоос 2 дахин их цаазаар авах ял гүйцэтгэжээ. Хятадын дараа 2-т орж байгаа Иран улсад албан ёсоор мэдэгдэж байгаа нь 314 цаазаар авах ял гүйцэтгэсэн гэх боловч бусад эх сурвалжийн мэдээллээр илүү олон хүн цаазалжээ.

Америк тивд зөвхөн АНУ нь цаазаар авах ялыг хэрэгжүүлж байгаа ба 43 хүнийг цаазалсан байна. Коннектикут нь дөрөвдүгээр сард цаазаар авах ялыг халсан 17 дахь муж болов. Англи хэлтэй Карибын тэнгисийн орнуудын 3 нь 12 хүнд цаазаар авах ял оногдуулсан хэдий ч нэг ч гүйцэтгэл явуулаагүй байна.

Гамби нь сүүлийн 30 жил цаазаар авах ял гүйцэтгээгүй байсан бол 2012 оны наймдугаар сард анх удаа 9 хүнийг цаазлав. Олон улсын эсэргүүцлийн улмаас ерөнхийлөгч Яхя Жаммех цаазаар авах ялын гүйцэтгэлийг хэрэв гэмт хэрэг өсөх юм бол “шууд цуцлах” “нөхцөлтэйгөөр” түдгэлзүүлжээ. Суданд 199 хүнд цаазаар авах ял оногдуулж, 19 хүнийг цаазалжээ.

Беларусь нь Европ болон Төв Азийн бүс нутагтаа цаазаар авах ялыг хэрэглэж буй цорын ганц улс хэвээр үлдсэн бөгөөд 2012 онд 3 хүнийг цаазалжээ. Латви 2012 онд хуулиасаа цаазаар авах ялын заалтыг хассанаар бүх тохиолдолд халсан 97 дахь улс болсон юм.
2012 онд АНУ-д явуулсан судалгаагаар цаазаар авах ял нь гэмт хэргийн эсрэг тусгай хамгаалалт болно хэмээх тайлбар нь цаашид цаазаар авах ялын хэрэглээг зөвтгөх үндэслэл болохгүй хэмээн дүгнэжээ.

Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд эсэргүүцдэг. Энэ нь хүний амьд явах эрхийг зөрчдөг хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Эмнести Интернэшнлтэй 319901 утсаар холбогдох буюу, aimncc@magicnet.mn хаягаар авна уу.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598377 дахь зочин боллоо.