АНУ: ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УДИРДЛАГААР ҮЙЛДСЭН ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ ШААРДЛАГАТАЙ

Америкийн Нэгдсэн Улсын түүхэнд анх удаа “түүхийн ноён нуруу шударга ёсыг зөрчиж” гудайлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш нууц хорих газарт хоригдогсдод “байцаалтын тусгай арга” хэрэглэхийг даалгасан болохоо хүлээн зөвшөөрсөн нь өмнөх засаг захиргааны үед “терроризмийн эсрэг дайн” нэрийн дор үйлдэгдсэн эрүүдэн шүүх, хүчээр сураггүй болгох зэргээр олон улсын эрх зүйг зөрчсөн гэмт хэргүүдэд хариуцлага тооцохгүй байгаад дахин анхаарал хандуулахад хүргэлээ.  

АНУын ерөнхийлөгч асан Жорж Буш өөрийн дурсамжийг хэвлэхийн өмнө хэвлэл мэдээлэл, 2010 оны 11 дүгээр сарын 8-ны NBC телевизид өгсөн ярилцлагадаа “өндөр эрсдэлтэй хоригдлууд” гэх хүмүүст “ус цутгах” болон “байцаалтын тусгай арга” хэрэглэх эрхийг олгож, биечлэн оролцсон болохоо баталжээ.

Хоригдлын дээрээс дуугарах боломжгүй болтол ус цутгах нь эрүү шүүлт мөн гэдгийг одоогийн Ерөнхийлөгч, Хууль Зүйн Яамны Сайд хоёул мэдэж байгаа. Олон улсын эрх зүйн дагуу эрүүдэн шүүх нь гэмт хэрэг бөгөөд эрүүдэн шүүхэд оролцсон хэн боловч хариуцлага хүлээх ёстой. Засгийн газар солигдсоноор энэ үүрэг дуусгавар болох ёсгүй.

Өмнөх Ерөнхийлөгч эрүүдэн шүүх үйл ажиллагаа явуулах эрх олгосноо хүлээн зөвшөөрч байгаа нь олон улсын эрх зүйн дагуу АНУ мөрдөн шалгах, хэрэв буруутай нь тогтоогдвол яллах үүргээ хэрэгжүүлэх хангалттай үндэслэл болж байна. Ийм нөхцөлд мөрдөж шалгахгүй, яллахгүй байх нь өөрөө олон улсын эрх зүйг зөрчиж байгаа хэрэг юм. 

NBC-д өгсөн ярилцлагын үеэр Ерөнхийлөгч асан Буш 2003 оны 3 дугаар сарын 1-нд Пакистанаас баривчлагдаж, ТТГ-ын нууц хорих руу ачигдсан Халид Шейх Мухамедийн талаар онцлон ярьсан. Тухайн сард Халид Шейх Мухамедад 183 удаа “ус цутгуулсан” гэж ТТГ-ын Ерөнхий байцаагчийн тайланд бичигджээ.

Нууц хөтөлбөрөөр хоригдсон Халид Шейх Мухамед, бусад хүмүүсийг байцаахдаа хэрэглэсэн “ус цутгах” арга нь  олон аргынх нь ердөө нэг нь байсан бөгөөд энэ нь олон улсын эрх зүйн дагуу эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахыг хориглосныг зөрчиж байна.

АНУ нь 1994 онд НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Тус конвенцоор эрүүдэн шүүсэн болон завдсан, эсвэл эрүүдэн шүүхэд оролцох юмуу хамтран оролцсон  нь тогтоогдсон хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр зохих эрх бүхий байгууллагад шилжүүлэх ёстой байдаг. Эрх бүхий байгууллага нь өөрийн улсын хуулийн дагуу онц хүнд гэмт хэргийн адилаар яллах эсэхээ шийдвэрлэнэ.

Төрийн байгууллагын аль нэг түвшинд үйлдсэн гэх үндэслэлээр хариуцлага тооцохгүй байх, эсвэл тухайн улс нь “онцгой нөхцөл байдал” буюу дайны болон бусад онц байдлын улмаас гэсэн шалтгаанаар зөвтгөхийг эрмэлзэх нь НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Эрүү шүүлтийг 1949 оны Женевийн конвенцид ноцтой зөрчил хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд байсан ч эрүүдэн шүүсэн бүх хэргийг мөрдөн шалгаж, яллах нь тэдгээр гэрээний дагуу хүлээх тусгай үүрэг байдаг.   

NBC-д өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч асан Буш байцаалтын тусгай аргууд нь АНУ-ын хуулийн дагуу үйлдэл болохыг хуульчдаас асууж баталгаажуулсны эцэст тэдгээр байцаалтын аргыг хэрэглэх зөвшөөрөл олгосон гэжээ.

Олон улсын эрх зүйн дагуу эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах нь ямагт хууль бус байдаг. Ямар ч хуульч үүнийг хуулийн дагуу хэмээн тайлбарлаж чадахгүй; ямар ч улс төрч, хууль тогтоогч, шүүгч, цэрэг, цагдаагийн ажилтан, хорихын хуяг, эмнэлгийн ажилтан эсвэл байцаагч нь энэ хоригийг хэрэгсэхгүй байх эрхгүй. Дайны болон дайны аюул айсуй цаг байсан ч, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн онц байдал зарласан байсан ч энэ үүргээс чөлөөлөгдөх ёсгүй.

Эрүүдэн шүүсэн нь мэдээлэл олж авахад үр дүнтэй байсан ч хуулийн дагуу хэзээ ч нотлох баримт болохгүй, харин эрүүдэн шүүсэн этгээд нь шалгагдаж, яллагдах ёстой.

АНУ-ын ТТГ-ын хөтөлбөрийн хүрээнд хоригдсон хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах үйл ажиллагаанд олон хүн оролцсон байна. АНУ нь энэ хөтөлбөрийн хүрээнд үйлдэгдсэн олон улсын эрх зүйн дагуух гэмт хэргүүдийг бүрэн дүүрэн мөрдөн шалгах, энэ хэргүүдэд оролцсон нь нотлогдсон этгээдийг шүүхэд аваачих ажиллагаа удааширсаар байна.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 9-р зүйлд эрүүдэн шүүсэн этгээдийг шүүхэд аваачихад “оролцогч улсууд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой туслалцааг бие биедээ аль болохоор бүрэн үзүүлнэ” гэсэн байдаг. Мөн эрүүдэн шүүхэд оролцсон этгээдийн оршин байгаа газарт харьяалах тал улс нь шаардлагатай мөрдөн шалгах, яллах, тухайн этгээдийн эрхийг хязгаарлах үйл ажиллагаа авах ёстой гэж заасан байдаг.

Өнгөрсөн 7 хоногт Женевт болсон  Хүний Эрхийн Зөвлөл дээр АНУ “хүний эрхийг өргөн хүрээнд авч үзэх, хэрэгжүүлэх явдлыг хариуцлагатай байх, дагаж мөрдөх, үргэлжлүүлэн хөгжүүлэх, тогтмол сайжруулах замаар улам бэхжүүлнэ.” гэж мэдэгдсэн.  АНУ-ын ТТГ-ын нууц хорио хөтөлбөрийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй байгаа нь АНУ олон улсын стандартыг мөрдөх бус давхар хэм хэмжээ  гаргахаар оролдож байгааг харуулж байна. Энэ нь “түүхийн ноён нуруу” шударга бус явдлаас бөхийв үү гэсэн асуулт тавихад хүргэж байна. 

Энэ явдал дуусгавар болох ёстой. 

Бусад орны засгийн газрууд АНУ-ыг хариуцлагатай байх олон улсын үүргээ биелүүлэхийг уриалах шаардлагатай байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598146 дахь зочин боллоо.