ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН 4-Р КОНГРЕСС

2010 оны 2-р сарын 24-26-ны хооронд Швейцарийн Женев хотноо хуралдсан Цаазаар авах ялын эсрэг Дэлхий нийтийн 4-р Конгресст дэлхийн өнцөг булан бүрт цаазаар авах ялыг халахын төлөө ажилладаг хүний эрхийн идэвхтнүүд, ТББ-ын төлөөлөгчид, цаазаар авах ялыг халахыг дэмжигч улс төрийн зүтгэлтнүүд, сэтгүүлчид, төр засгийн төлөөлөгчид, хүний эрхийг хамгаалагчид цугларлаа.

Дэлхий даяар цаазаар авах ялыг халах талаарх үндэсний болон олон улсын стратегийг хэлэлцэх сайжруулах зорилго бүхий Конгрессийн үеэр 2 Нэгдсэн хуралдаан ерөнхий асуудлаар явагдаж, 22 дугуй ширээний ярилцлага, семинарын үеэр оролцогчид сэдэвчилсэн болон бүсчилсэн асуудлаар хэлэлцэж, туршлага солилцлоо.

Женевийн Олон улсын Хурлын Төвд зохион байгуулагчид, оролцогчдын зүгээс цаазаар авах ялтай холбоотой танилцуулга материал, ном товхимол тарааж , шог зургийн үзэсгэлэн, плакатны үзэсгэлэн, номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

НҮБ-ын танхимд чуулсан Нээлтийн ажиллагаанд цаазаар авах ялыг халсан болон хэрэглэж байгаа 56 орны төлөөлөгчид оролцож, Женев хотноо байрлах НҮБ-ын Ерөнхий Захирал Сергей Ордзоникидзе хурлыг нээж, Цаазаар авах ялын эсрэг хамтдаа байгууллагын Ерөнхий захирал Рафал Ченуил, Швейцарийн Холбооны улсын төлөөлөгч нар Конгресст хүрэлцэн ирэгсдэд талархал илэрхийлж, Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн эвсэл, Европын Зөвлөл, Бенин, Итали,Норвеги, Люксенбург, Аргентина, Ирланд, Бельги, Испани зэрэг цаазаар авах ялыг бүрэн халсан буюу түдгэлзүүлээд байгаа улс орнуудын хүний эрхийн элчин сайд, төр засгийн төлөөлөгч нар цаазаар авах ялыг халах чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Испанийн засгийн газрын тэргүүн 2015 он гэхэд дэлхий даяар цаазаар авах ялд мораториум тогтоолгохын төлөө ажиллахаар төлөвлөөд байгаагаа мэдэгдлээ.

Дугуй ширээний ярилцлага семинаруудын үеэр “Цаазаар авах ялыг халах стратегиа тодорхойлох нь”, “Ойрх Дорнод болон Хойд Африк дахь цаазаар авах ялыг халах стратеги ба арга хэрэгсэл”, “Цаазаар авах ялын талаарх хууль сахиулагчдын үзэл хандлага”, “Цаазаар авах ялыг халсан орнуудын нөлөөлөл”, “Академик судалгаа ба хамтын ажиллагаагаар цаазаар авах ялыг халахыг ддэмжих нь”, “Дэлхий нийтээр цаазаар авах ялыг халахад тулгарч буй бэрхшээлүүд: АНУ, Япон, Хятад, Иран улсын жишээнээс”, “Азийн орнууд дахь цаазаар авах ялыг түдгэлзүүлэх болон халах талаарх хууль эрх зүйн чиг хандлага”, “Зорилтот бүлгээ идэвхжүүлэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл тавигдаж хэлэлцүүлэг өрнөлөө.

“Хохирогчдын дуу хоолой” сэдвээр хүн амины гэмт хэргийн хохирогчид болон цаазаар авах ялаар шийтгүүлэгсэдийн ар гэрийнхэн ямар ч нөхцөлд цаазаар авах ялыг халах хэрэгтэй байгаа талаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцлаа.

26-ны өдрийн Хаалтын ажиллагаанд Энх тайвны Нобелийн шагналтан Иранийн хуульч Ширин Эбади, Францын сенатор Роберт Бадинтер зэрэг олон төлөөлөгчид цаазаар авах ялыг халахын төлөө тууштай тэмцэхийг уриалж “ шинэ үеийнхэндээ цаазын ялгүй дэлхий ертөнцийг бэлэглэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байлаа.

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос Конгресст ирүүлсэн мэндчилгээг УИХ-ын гишүүн Э. Бат-Үүл оролцогчдод хүргэлээ. Оролцогчид мэндчилгээг талархан хүлээн авч “Монгол Улсын төрийн тэргүүний хувьд би эхлүүлсэн энэ ажлаасаа ухрах, буулт хийх ямар ч бодол алга.” хэмээн хэлсэн үгийг онцлон тэмдэглэсэн байна.

Цаазаар авах ялын эсрэг 4-р Конгресс нь оролцогчдод санал бодлоо солилцох, туршлагаа хууваалцах, цаашид цаазын ялгүй дэлхий нийтийн төлөө хамтран ажиллах, хүчээ нэгтгэх боломжийг олголоо.

Швейцарийн Холбооны улс, Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн Эвсэл, Цаазаар авах ялын эсрэг хамтдаа байгууллагаас хамтран Женев хотноо зохион байгуулсан 3 өдрийн турш туршлага хуваалцан, санал солилцож, улс орнууд, олон улсын байгууллагууд үүрэг амлалт өгсөн Конгрессийн төгсгөлд оролцогчидоос нэгэн тунхаглалыг батлан гаргалаа.

 

Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн 4 дүгээр Конгрессын тунхаг бичиг

 

Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн эвсэл болон Швейцарийн Холбооны Улсын санхүүжилтгээр Цаазаар авах ялын эсрэг хамтдаа нийгэмлэгээс Швейцарь улсын Женев хотноо 2010 оны 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулсан Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн 4 дүгээр Конгрессд оролцогчид Бид, дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагуудын зүгээс үүрэг амлалт авч, тууштай дэмжихээ илэрхийлсэн 3 хоногийн туршид үр бүтээлтэй хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцон, нотолгоо баримтуудаа хуваалцаж, холбогдох стратегаа нарийвчлан боловсруулсанаар энэхүү тунхаг бичгийг батлан гаргалаа.

Парис хотноо 2007 онд зохион байгуулагдсан Дэлхийн 3 дугаар Конгрессоос гаргасан зөвлөмжүүд амжилттай хэрэгжиж; Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон Улсын Пактын Хоёрдугаар Нэмэлт Протоколыг хүлээн зөвшөөрсөн улс орнуудын тоо 62-оос 72 болж өссөн, цаазаар авах ял хэрэглэхээс түдгэлзэхийг уриалсан тогтоол НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2 удаа хэлэлцэгдэж олонхийн буюу 100 гаруй саналаар батлагдсан, цаазаар авах ялын эсрэг бүс нутгийн эвсэлүүд шинээр байгуулагдсан, Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн Эвсэлийн гишүүн байгууллагуудын тоо нэмэгдэж 104 болсон үзүүлэлтүүдэд ханамжтай байгаагаа тэмдэглэж;

Мөн олон улсад хангалттай төлөөлөлгүй цаазаар авах ялыг хэрэглэж байгаа улс орнуудыг ялын дээд хэмжээг хэрхэн хэрэглэж буй практикийг ил тод болгох, эрүүгийн хуулиуд дахь ялын дээд хэмжээ оноож буй зүйл заалтыг цөөрүүлэх, улмаар энэхүү ялыг халсан орнуудын тоонд нэгдэж ороход нь дэмжлэг үзүүлэх үүднээс шүүхүүд, өмгөөлөгчдийн холбоод, хэвлэл мэдээлэл, ерөнхий болон дээд боловсролын сургуулиуд, хүний эрхийн байгууллагууд, парламентууд, засгийн газрууд, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудад үзүүлэх нөлөөллөө улам эрчимжүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгааг тэмдэглэж;

Цаазаар авах ялын эсрэг Европын Холбооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тэмцлийг тууштай дэмжиж байгааг цохон тэмдэглэж;

Цаазаар авах ялыг дэлхий нийтээр халах зорилгоор Швейцарь болон Испани улсаас санаачлан гаргаж буй 2015 он гэхэд дэлхий нийтээр цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай амлалтыг бид талархан хүлээн авч;

Цаазаар авах ял нь нийгмийн сэтгэл зүйд учруулж буй дарамт, ялангуяа терроризмын утга агуулгаараа нийгэмд газар аваад байгаа хүчирхийлэл, түгшүүрт байдлын эсрэг авч хэрэгжүүлж буй оновчтой арга хэрэгсэл яав ч биш гэдгийг бид дахин баталж,

Олон улсын байгууллагуудын өлгий, дэлхий дахины энх тайвны билэгдэл энэхүү хотоос:

Практикт цаазаар авах ялыг халсан улс орнууд энэ ялыг хуульдаа халах;

Цаазаар авах ялыг халсан улс орнууд нь тус ялыг дэлхий нийтээр халах асуудлыг хүний эрхийг хангах олон улсын бодлогынхоо үндсэн хэсэг болгож, олон улсын харилцаандаа хамтатган баримталж байх;

Олон улсын болон бүс нутгийн байгууллагууд нь цаазаар авах ялыг халах чиглэлээр орон нутгийн хэмжээнд ажиллаж буй төрийн бус байгууллагуудаас зохион явуулж буй мэдлэгт суурилсан арга хэмжээнүүдийг дэмжих болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ба цаазаар авах ялыг түдгэлзэх тогтоолыг батлан гаргуулах замаар дэлхий нийтээр энэхүү ялыг халахад дэмжлэг үзүүлэх;

Цаазаар авах ялыг хэрэглэж буй орнуудын энэ ялыг халах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон тус ялыг халахыг эрмэлзэгч улс орны төлөөллүүд нь энэ чиглэлээр ажиллах үндэсний болоод бүс нутгийн байгууллагуудыг шинээр бий болгох, хөгжүүлэхэд хүч анхаарлаа нэгтгэхийг уриалж байна.

Женев хот.

2010 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598376 дахь зочин боллоо.