ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДАН НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 
Засгийн газрын ордон
Улаанбаатар 12
Улаанбаатар
Монгол Улс  

2017 оны 12 дугаар сарын 10

Хүндэт Ерөнхийлөгчөө,

ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭХ САНАЛТАЙ ХОЛБООТОЙ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт Протоколоор хүлээсэн үүргээ зөрчин цаазаар авах ялыг сэргээх тухай саяхан ТАНЫ гаргасан саналд санаа зовниж буйгаа Эмнести Интернэшнлээс олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан илэрхийлж байна.

Монгол улс хүний эрхийг хамгаалж, бүрэн дүүрэн эдлүүлэх их аяныхаа түүхэн чухал үе болгож 2017 оны 7-р сарын 1-нд цаазаар авах ялыг халсныг Эмнести Интернэшнл сайшаан хүлээн авсан. Монгол улс энэ түүхэн үйл явдлаараа цаазаар авах ял нь хэрцгий, хүнлэг бус, хүний эрхэм чанарыг доромжилсон шийтгэл болохыг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө баталсан юм. Ази Номхон далайн бүс нутаг, олон улсад энэ ялын хэрэглээг төгсгөл болгохыг хөхиүлэн дэмжсэн Монгол улсын манлайлалд Эмнести Интернэшнл талархдаг.  

Эмнести Интернэшнл бол шударга бусын эсрэг тэмцэж буй 7 саягаруй хүмүүсийн хөдөлгөөн юм. Хүн бүрт эрхийг нь эдлүүлэхийн төлөө бид кампанит ажил явуулдаг бөгөөд 40 гаруй жилийн турш цаазаар авах ялын эсрэг кампанит ажил өрнүүлж байна. Бид цаазаар авах ялыг бүх тохиолдолд, гэмт хэрэг, хэрэгтний зан байдал, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх таны саналд бид маш их санаа зовниж байна. Цаазаар авах ялыг эсэргүүцснээрээ бид гэмт хэргийн ноцтой байдлыг үгүйсгэх гэсэнгүй. Гэмт хэрэгтнийг шударга шүүхийн олон улсын хэм хэмжээнд нийцсэн байдлаар шүүх ёстой бөгөөд цаазаар авах ял нь гэмт хэргийг таслан зогсоодог гэх нотолгоо байдаггүй. Энэ ял гэмт хэргийг шийдэх үр дүнгүй арга төдийгүй, хүчирхийллийн тойргийг бий болгодог. 

Түүнчлэн Монгол улс 2012 онд цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2-р нэмэлт протоколд нэгдэн орсон. Уг протоколын 1-р зүйлд цаазаар авах ял хэрэглэхийг хориглож, нэгдэн орсон улсуудаас цаазаар авах ялыг халахыг шаарддаг. Мөн зүйлд “2-р нэмэлт протоколын туйлын зорилго, зорилттой харш” үйлдэл тул цаазаар авах ялыг сэргээхгүй байх үүргийг зааж өгсөн. Энэ протоколын дээрх заалтуудаас харахад Монгол улс хүссэн үедээ протоколоос гарах боломжгүй юм. Гишүүн улс хүлээсэн үүргээсээ хэсэгчлэн чөлөөлөгдөхийг Нэмэлт протоколоор мөн хориглосон. 

Цаазаар авах ялыг сэргээх аливаа оролдлого Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ шууд зөрчсөн хэрэг болох юм. Цаазаар авах ялыг халах дэлхий нийтийн чиг хандлага маш тодорхой болж, 142 улс энэ ялыг халсан энэ цаг үед Монгол улс үүргээсээ ухарсан алхам хийх ёсгүй. Бид ТАНААС сайтар тунгаагаагүй энэ саналаа эргэн харж, цаазаар авах ялыг халж, хүний эрхийг хамгаалан хөхиүлэн дэмжих амлалтаа дахин баталгаажуулахыг уриалж байна.

 

Хүндэтгэсэн,

Салил Шетти

Ерөнхий Нарийн Бичгийн дарга

 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 832772 дахь зочин боллоо.