ДЭЛХИЙ ДАХИНЫ БОДЛОГОД ТУСГАГДААГҮЙ БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХҮҮД

2013 оны 2-р сарын 14

Индонезид 14 настай Латифа охин бусдад хүчирхийлүүлснээ нутгийн цагдаад мэдэгдэхээр очоод өөрөө садар самууны хэрэгт буруутгагджээ.

Буркино Фасогийн нутгийн эмнэлэгт төрж буй Луйза хэмээх залуу бүсгүйг эмнэлгийн ажилтан үг хэлээр доромжлон алгаджээ.  

Индонезийн 30 настай ажилтан орон нутгийнхаа эмнэлэгт ерөндөг тавиулахаар очоод хүүхэд төрүүлээгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу сонссон байна.

Никарагуад 10 настай Елена охиныг нэгэн номлогч хүчирхийлэн хожим нь баривчлагдаж 30 жилийн ял авах хүртлээ хэргийн талаар үг дуугаргахгүй гомдол мэдүүлэхгүйн тулд дарамталдаг байжээ.

Эдгээр эмэгтэйчүүдийн нэрийг өөрчилсөн ч тэдний түүхээр дэлхийн өнцөг булан бүрт хэдийн заншиж тогтоод буй хүйсээр ялгаварлан гадуурхахын хор уршгийг харуулах зорилготой юм.

Эмнести Интернэшнл, бусад хүний эрхийн байгууллагуудын мэдэгдснээр охид эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ, холбогдох мэдээллийг авч чадахгүй тохиолдолд аюултай үр дагавар учирдаг байна. Олон улсад хараат бус байдал, шийдвэр гаргах эрх мэдэл дутмаг байдгаас шалтгаалан охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд илүү өртдөг.

НҮБ-ын мэдээлснээр өдөр бүр 800 гаруй эмэгтэй жирэмсний болон төрөх үедээ эндэж, мөн 800 эмэгтэй тутмын 20 нь үл эдгэрэх өвчин, гэмтэл бэртэл авдаг ажээ. 

“Индонезоос Перу, Сьерра Леоноос АНУ хүртэл олон сая охид эмэгтэйчүүд эрүүл мэндийн алдаатай бодлого, хангалтгүй асаргаа сувилгаа, ялгаварлан гадуурхах хуулийн төлөөсийг амиараа төлж байна. Олон бүсгүйчүүд орчин тойрондоо төдийгүй гэр бүлийнхнийхээ хүрээнд ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн золиос болдог ч Засгийн Газраас нь ямар нэгэн дэмжлэг, туслалцаа үзүүлдэггүй” хэмээн Эмнести Интернэшнлийн бодлогын ахлах зөвлөх Марианн Моллманн хэлсэн юм.

Ялгаварлан гадуурхалтын үнэ цэнэ

Олон улсад охид эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, мэдээлэл авч чаддаггүй.

Зарим тохиолдолд Засгийн газар уг асуудлыг чухалчилж үздэггүй,  тухайн салбарт хөрөнгө оруулалт хийдгүйгээс үүдэн бэрхшээл үүсдэг. Харин зарим улсад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд нь олонх эмэгтэйчүүдийн амьдардаг газраас хол, эсвэл очих зардлыг хүчрэхгүй чинээлэг дүүргүүдэд байрладаг.

Эмнести Интернэшнлийн олж мэдсэнээр эмэгтэйчүүд эрүүл мэндийн төвд очсон ч ядуу байдал нь үйлчилгээний шаардлага хангаагүй, зарим тохиолдолд бүр өөрийнх нь хэлийг ч ойлгодоггүй  эрүүл мэндийн ажилтнууд тэдэнтэй зүй бусаар харьцдаг байна.

Жишээлбэл АНУ-д олон цагаач эмэгтэйг эмчилгээний төлбөрөө төлж дийлэхгүй гэсэн хандлагаар төрөхийнх нь өмнө эмнэлгээс гаргадаг ажээ. 

Жил бүр олон сая охид эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хамгийн анхан шатны үйлчилгээ авахын тулд дааж давшгүй их бэрхшээлтэй тулгардаг. Тэд ямар нэгэн мэдээлэл авах, ерөндөг тавиулах, түргэн тусламжийн эх барих үйлчилгээ авах, бүр стандартын бус эм хэрэглүүлэх, эмчлүүлэх эрхээ эдэлж чаддаггүй байна.

Гэтэл жирэмслэлт, төрөлтийн үеийн олон эндэгдэл, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлж чадахуйц байдаг нь гашуун үнэн юм.

Мэдээллийн хомсдол

12 улсад хийсэн судалгааны дүнд эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан нь эрүүл мэндийн салбаруудын мэдээллийн хомсдолтой холбоотой гэдгийг Эмнести Интернэшнл олж илрүүлсэн билээ.

Жишээ нь Индонезид ярилцлаганд хамрагдсан эмэгтэйчүүд ерөндөг тавиулах талаар ямар ч мэдээлэлгүй байсан ажээ.

Мэдээллийн дутмаг байдал, үр хөндөлт хийлгэх хязгаарлалтаас шалтгаалан олон залуу эмэгтэйд хүсээгүй хүүхэд тээх, эсвэл осолтой нөхцөлд хууль бус үр хөндөлт хийлгэхээс өөр сонголт үлддэггүй юм.

НҮБ-ын тооцоогоор хөгжиж буй орнуудад жил бүр хийгддэг 19 сая орчим осолтой үр хөндөлтийн 2.5 сая нь өсвөр насны охидод ноогддог бөгөөд 10-19 насны охидын 70 хувь нь осолтой үр хөндөлтөөс улбаалан эмнэлэгт эмчлүүлдэг байна.

2011 онд НҮБ-ын төрөлжсөн агентлагын судалгаагаар хөгжиж буй орнуудын залуусын дөнгөж 34 хувь нь ДОХ, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх хамгийн энгийн 5 асуултанд хариулж чадахгүй байжээ. Шинээр ДОХ-оор халдварласан хүмүүсийн 41 хувьд нь дээрхтэй адил байдал ажиглагдсан ажээ. 

Дэлхий нийтийн төлөвлөгөө

1994 онд Кайрын бага хуралд 179 орны төрийн тэргүүн “Охид эмэгтэйчүүд бэлгийн амьдрал, жирэмслэлт, ээж болох зэрэг асуудлуудад сонголтоо хийх эрхтэй” гэдгийг дахин батлаад, хүн ам, хөгжлийн бодлогод эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох талаар анхаарч ажиллахаа амласан юм.

Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын үеэр дэлхийн удирдагчид хүн амын бодлого,  боловсруулах, хэрэгжүүлэхэд шинэчлэл хийхэд чиглэгдсэн мөрийн хөтөлбөр баталжээ.

Хөтөлбөрийн гол санаа нь дэлхийн улс гүрнүүд эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгардаг ялгаварлан гадуурхах бодит үзэгдэлд хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх гэхчлэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хүн амын бодлогод тусгаж өгөхөд оршино. 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 687021 дахь зочин боллоо.