ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН НЭМЭЛТ:

1. Эдийн засаг, нийгэм, соёлын эрх гэж юу вэ, яагаад чухал вэ?
Эдгээр эрх нь хувь хүний нэр хүнд, аюулгүй байдал, эрх чөлөөний салшгүй хэсэг бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, эрүүл мэнд, ус, ариун цэвэр, орон сууц, нийгмийн даатгалын үйлчилгээ авах, болон соёлын үйл ажиллагаанд оролцох гэх мэт эрхүүдийг багтаадаг.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрх нь олон улсын хуулинд бусад хүний эрхийн адил статустай бөгөөд хоорондоо уялдаа холбоотой. Жишээ нь: орон гэргүй хүмүүс сонгуульд оролцоx, эсвэл боловсрол сайн эзэмшээгүй хүн нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход бэрхшээлтэй.
НҮБ-ын “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын пакт”-аар эдгээр эрхийг тодорхойлон заасан байдаг бөгөөд гэрээнд нэгдэн орсон 161 орон олон улсын хуулийн дагуу хүн бүрийн эрх хэрэгжих нөхцлийг бүрдүүлж, хангаж байх үүрэгтэй билээ.

2. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт (Протокол) гэж юу вэ?
Энэхүү протокол нь хүний эрхийн маш том ололт мөн Протоколд заагдсан эрх нь зөрчигдөж, түүнийг өөрийн эх орондоо шийдүүлж чадаагүй хүмүүс НҮБ-д гомдол гаргаж, хэргээ шийдүүлэх механизм юм. Гаргасан гомдлын дагуу бие даасан, өндөр мэргэжилтнүүдээс бүрдсэн НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо шийдвэр гарган Засгийн газруудад гомдлыг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг санал болгодог юм.

3. Бидэнд яагаад Протокол шаардлагатай вэ?
Ихэнх улсын Засгийн газрууд эдийн засаг, нийгэм соёлын эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх олон улсын хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй ба зарим улсад Засгийн газар нь өөрсдөө хүний эрхийг зөрчигч болж хувирдаг. Жишээ нь: олон хүн орон гэрээ орхиж, албан бус суурьшилд амьдарч байхад Засгийн газар эдгээр хүмүүсийн цэвэр усны хэрэглээг хангахад мөнгө зарцуулахгүйгээр хариуцлагаа үл тоомсорлосоор байна. Засгийн газар нь хүний эрхийг зөрчиж буй хүмүүс, байгууллагуудыг шалгаж, зохих арга хэмжээ аваxгүй байдаг. Ундны усыг бохирдуулж байгаа уул уурхайн компаниудад ямар ч хариуцлага оногдуулахгүй байна. Тиймээс эрх нь зөрчигдсөн хүмүүс, нэн ялангуяа эх орондоо хэргээ шударгаар шийдүүлж чадахгүй байгаа ядуус, эмзэг бүлгийхэнд энэхүү протокол нь маш чухал арга зам болж байгаа юм.

4. Эдийн засаг, нийгэм, соёлын эрх нь зөрчигдсөн ямар тохиолдлууд байдаг вэ?
Эмнести Интернэшнл дэлхийн олон оронд Эдийн засаг, нийгэм, соёлын эрх нь зөрчигдөж, хэргээ шийдүүлж чадаагүй хүмүүсийн талаар баримт цуглуулжээ. Нигер улсад гэхэд 2009 онд Порт Харкортын Ривэрс мужийн удирдлагууд Дээд шүүхийн гаргасан эргийн орчмын сууринг нураахыг хориглосон шийдвэрийг үл тоомсорлон, 13000 гаруй хүмүүсийг ямар нэгэн орогнох байр олголгүйгээр албадан нүүлгэсэн байна. Словени улсад албан бус суурьшлаар амьдарч буй маш олон Цыган хүмүүс цэвэр ус, ариун цэврийн хангамжгүй амьдарч байгаа бөгөөд Засгийн газар нь эрхийг нь хамгаалах, хянах механизм байгуулах талаар арга хэмжээ авалгүй уджээ. Мөн Энэтхэгийн Ориссад хөнгөн цагааны хүдэр боловсруулах үйлдвэр нутгийн иргэдийн ундны усны гол хэрэглээгээ хангадаг голыг нь бохирдуулжээ.

5. Энэхүү протокол нь эрх нь зөрчигдсөн хүмүүст хэрхэн туслах вэ?
Протокол нь Засгийн газар нь хэргийг шийдвэрлэж өгөөгүй олон хүмүүст боломж олгох бөгөөд ядуурал, ялгаварлан гадуурхал, үл тоомсорлолтой холбоотой хэргүүдийг ил тод болгох юм. Түүнчлэн нийгмээс тусгаарлагдсан, сул дорой хүмүүсийн эрх нь хэрхэн зөрчигдөж буй талаар дэлхий нийтэд мэдэгдэж, НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо улс орны Засгийн газруудад хүний эрхийн хэрэгжилтийг хангах арга хэмжээнүүдийн талаар зөвлөх боломж олгож байна.

6. Протоколоос гарсан шийдвэр хэр нөлөөтэй байх вэ?
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо нь Засгийн газрын бодлогыг шууд өөрчилж чадахгүй ч бодлогоо шинэчлэх, сайжруулах талаар зөвлөдөг. Хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлэх, хүний эрхийн зөрчлийн эсрэг арга хэмжээ авах эсэх нь Засгийн газраас шалтгаална. Тиймээс Протокол нь зөвхөн гомдол гаргаж буй хүнээс гадна тухайн улсын болон бүс нутгийн шүүхэд нөлөөлөх чадвартай.

7. Протоколд одоогоор ямар орон гарын үсэг зурж, баталсан байгаа вэ?
2013 оны 2-р сарын байдлаар Аргентин, Болив, Босни ба Херцеговина, Эквадор, Эл Салвадор, Монгол, Португал, Словак, Испани, Уругвай гэсэн 10 орон гарын үсэг зурж батлаад байгаа ба 2013 оны 2-р сaрын 5-нд Уругвай улс гарын үсэг зурж баталсан аравдагч орон болсноор протокол 2013 оны 5-р сарын 5-наас эхлэн хүчин төгөлдөр болсон.
Энэ амжилтын хажуугаар Африк тивээc нэг ч орон протоколд нэгдээгүй, Ази тивээс зөвхөн Монгол улс нэгдсэн нь чамлахаар үзүүлэлт юм. Протoкол нь зөвхөн нэгдэн орсон орнуудад л үйлчилдэг учраас бусад оронд гарч буй хүний эрхийн зөрчлүүд шударгаар шийдэгдэхэд бэрхшээлтэй.

8. Гомдол гаргах механизм хэрхэн ажилладаг вэ?
Хүний эрх нь зөрчигдөж, өөрийн улсдаа хэргээ шийдүүлж чадаагүй хувь хүн Хороонд өргөдлөө гаргаж болдог. Энэ механизм нь хүмүүсийг эхлээд эх орондоо хэргээ шийдүүлэх боломж олгодог. Гэвч улсынх нь хуулинд тухайн зөрчигдсөн эрхийн талаар авах арга хэмжээ тусгагдаагүй байдгаас үүдэн хэргээ эх орондоо шийдвэрлүүлж чадахгүй байх тохиолдолд шууд НҮБ-д хандаж болно. Хороонд хувь хүн болон бүлгүүд, эрх нь зөрчигдсөн хүмүүсийг төлөөлж буй байгууллага гомдол гаргах эрхтэй. НҮБ-ын гишүүн орнуудаас сонгогдсон, бие даасан мэргэжилтнүүдээс бүрдсэн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн Хороо гомдлыг авч хэлэлцэн шийдвэр гаргадаг.

9. Буурай хөгжилтэй орны Засгийн газар бодлогоо өөрчилж, хүний эрхийг хамгаалах механизмыг байгуулахын тулд хаанаас санхүүжилт олох вэ?
Бүх улс орнууд байгаа бололцоогоо ашиглан хүний эрхийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй бөгөөд эдгээр үүргүүдийн ихэнх нь уул уурхайн компаниудыг нутгийн уугуул иргэдээс зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулахыг шаардах зэрэг нь хөрөнгө шаардахгүй, хүмүүс болон байгаль орчныг хайрлах асуудал юм. Буурай хөгжилтэй орнууд нь хэдийгээр нэг өдрийн дотор хүний эрхийн манлайлагч болж амжихгүй ч урт хугацаанд үр дүнгээ өгөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

10. Эдийн засгийн хямралд орсон улс орoн юу хийх вэ?
Эдийн засгийн хямралд өртсөн улс орнууд хувийн машинд зориулж шатахууны үнийг хөнгөлөхөөс илүүтэйгээр ядууст мөнгөөр туслах зэргээр илүү эмзэг бүлгийхнийг анхаарсанаар хүний эрхийн хэрэгжилтийг хангах боломжтой.

11. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пактад хэдэн орон нэгдсэн байдаг вэ?
НҮБ-ийн 193 гишүүн орноос 161 нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пактад нэгдсэн. Одоогоор нэгдээгүй байгаа 32 гишүүн орон нь: Африк тивээс - Ботсвани, Коморос, Мозамбик, Сао Томэ ба Принсип, Өмнөд Африк; Америк тивээс - Антигуа Барбуда, Белиз, Куба, Гайти, Сэйнт Киттс ба Нэвис, Сэйнт Лусиа болон АНУ, Европ тивээс – Андорра, Ази, Номхон далайн орнуудаас - Бутан, Брунеи, Мянмар, Фижи, Кирибати, Малайз, Маршалын арлууд, Микронез, Науру, Палау, Самао, Сингапур, Тонга, Тувалу болон Вануату; Ойрхи Дорнодоос - Катар, Оман, Саудын Араб, Арабын Бүгд Найрамдах Эмират Улс.

Эдийн засаг, нийгэм соёлын эрхүүд нь мөн арьс үндсээр ялгаварлах үзлийн эсрэг, эмэгтэйчүүдийг алагчлахын эсрэг болон хүүхдийн эрхийн бусад олон улсын гэрээ, пактуудаар хамгаалагддаг. Мөн Африк, Америк, Европ, Арабын Лигийн бүсийн гэрээнүүдэд тусгагдсан байдаг.

Илүү мэдээлэл авахыг хүсвэл Эмнести Интернэшнлийн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн талаарх вэб хуудсаар зочилно уу. http://www.amnesty.org/en/economic-and-social-cultural-rights/what-are-escr

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 538711 дахь зочин боллоо.