ЯДУУ НӨХЦӨЛД АМЬДАРЧ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАЖ БУЙ САЯ САЯ ХҮМҮҮСТ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЛГОХ ШИНЭ АРГА ЗАМ НЭЭГДЭВ.
© Benjamin gz - Imaginechina

НҮБ-ын шинэ механизм хүний эрх нь зөрчигдөж буй олон сая ядуу иргэдэд шударга ёсыг тогтоолгоход туслах юм.

“Хүний эрх нь зөрчигдөж буй иргэдийн хувьд шударга ёсыг тогтоолгох нь хамгийн чухал бөгөөд энэхүү протокол нь шудaрга ёсны төлөөх маш том алхам юм.”
Салил Шэтти, Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга.


Эдийн засаг, нийгэм болон соёлын эрх нь зөрчигдөж буй маш олон иргэн НҮБ-аар дамжуулан шударга ёсыг тогтоолгох боломжтой боллоо. Гэвч, Эмнести Интернэшнлийн мэдэгдсэнээр энэхүү протокол хүчин төгөлдөр болох үедээ зөвхөн 10 орны иргэдэд л үйлчилж эхлэх юм.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлтэд (цаашид Протокол гэх) үндэслэгдэж буй энэхүү гомдол гаргах механизм нь шаардлагатай орон байр, хоол хүнс, ус, ариун цэвэр, эрүүл мэнд, ажил мэргэжил, нийгмийн даатгал, сурч боловсрох эрх нь зөрчигдөж, төр засаг нь иргэдийнхээ эрхийг хамгаалж, хангаж чадахгүй байгаа нөхцөлд иргэд болон бүлгүүд НҮБ-д гомдол гаргаж, эрхээ эдлэх, шудрага ёсыг тогтоолгох боломж олгож байна.

"Хүний эрх нь зөрчигдөж буй иргэдийн хувьд шударга ёсыг тогтоолгох нь хамгийн чухал бөгөөд энэхүү протокол нь шудрага ёсны төлөөх маш том алхам юм. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт батлагдсанаас даруй 40 жилийн дараа бид энэхүү хоёр протоколыг ижил түвшинд аваачиж, хүний эрхийн хуваагдашгүй чанарыг бататгаж чадсандаа маш их баяртай байна" хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шэтти ярьсан юм.

Бид энэхүү протоколд гарын үсэг зурж нэгдсэн эхний 10 оронд баяр хүргэхийн ялдамд бусад орнуудыг мөн араас нь дагаасай хэмээн хүсч байна. Эрх нь зөрчигдсөн хүн бүрийн эрхийг сэргээж, арга хэмжээ авч байж хүний эрхийг жинхэнэ утгаар нь цогцлоох юм.

Өнөөдөр Уругвай улс гарын үсэг зурж, баталсан 10 дахь орон болсноор энэхүү протокол нь 2012 оны 5 сарын 5-аас хэрэгжиж эхлэх боломжтой боллоо.

Энэ нь хэдийгээр том алхам ч Африк тивээс нэг ч орон энэхүү протоколд нэгдээгүй бөгөөд Ази тивээс зөвхөн Монгол улс л гарын үсэг зурж, батлаад байгаа юм. Дэлхийн хэмжээнд “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт”-д 160 орон нэгдсэн байдаг бөгөөд эдгээр орнууд бүгд нэмэлт протоколд гарын үсэг зурж, батлах хэрэгтэй.

Протокол нь зөвхөн гарын үсэг зурж баталсан орнуудад хэрэгжих юм.

Шэтти “Ихэнх улсын Засгийн газрууд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх олон улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хоёр нүүр гаргадаг. Бодит байдалд эрх нь зөрчигдөж буй хүмүүсийг хамгаалах үр дүнтэй механизм ихэнх оронд байдаггүй” хэмээсэн юм.

Энэхүү протокол нь албадан нүүлгэн шилжүүлэлтэнд өртсөн, оршин суудаг газраасаа үүдэн сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа гэх зэргээр эрх нь зөрчигдсөн хүмүүс өөрсдийн эх орондоо шударгаар шүүлгэж чадаагүй нөхцөлд олон улсын, бие даасан шүүхэд хэргээ шийдүүлэх боломж олгож байна.

Эмнести Интернэшнл нь дэлхийн олон оронд эрх нь зөрчигдсөн боловч хэргээ шударгаар шийдүүлж чадаагүй хүмүүсийн талаар баримт цуглуулсан бөгөөд тэдгээр хүмүүсийн хувьд энэ протокол маш чухал билээ.

Нигeр улсад гэхэд 2009 оны 8-р сард орон нутгийн захиргаа шүүхийн шийдвэрийг үл хайхран, эргийн орчмын сууринг сүйтгэснээр 13000 гаруй хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүй байдалд хүрчээ.
Словений Засгийн газар ус болон ариун цэврийн хангамжгүй, албан бус суурьшилтай олон олон Цыган хүмүүсийн асуудлыг одоо болтол шийдээгүй л байна.
АНУ-ын Засгийн газар жирэмсэн эхийн эрүүл мэндийн үйлчилгээг бүх эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгож чадахгүй байгаагаас болж олон ээж эмчийн хяналтанд хүүхдээ эрүүл төрүүлэх боломжоо алдаж байна.

“Протоколын тусламжтайгаар маш олон эрх нь зөрчигдсөн хүмүүст, ялангуяа ядуус, эмзэг бүлгийхэнд Засгийн газартаа хариуцлага тооцож, эрхээ хамгаалуулах чухал арга зам нээгдсэн” хэмээн Салил Шэтти ярьсан юм.

Одоогийн байдлаар Аргентин, Болив, Босни ба Херцеговина, Эквадор, Эл Салвадор, Монгол, Португал, Словак, Испани болон Уругвай гэсэн 10 улс гарын үсэг зурж, батлаад байна.

Энэхүү шинэ механизмын дагуу гарсан шийдвэрүүд бүс нутгийн болон тухайн орны шүүхэд нөлөөлөх нь дамжиггүй.

“Улс орнууд Протоколд нэгдээд зогсохгүй шүүх болон хүний эрхийн комисс гэх мэт байгууллагуудад протоколыг хэрэгжүүлэх эрх мэдэл, чадавх бий болгох хэрэгтэй” хэмээн Салил Шэтти хэлсэн юм.

Эх сурвалж

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2008 оны 12-р сарын 10-нд батлагдсан энэхүү Протоколд улс орнууд 2009 оны 9-р сарын 24-нөөс гарын үсэг зурж, нэгдэж эхэлжээ. Дээр дурдсан 10 орноос гадна 32 орон гарын үсэг зурсан ч батлаагүй байна. Гэвч Протоколд гарын үсэг зураад зогсохгүй баталж байж хүчин төгөлдөр заавал биелэгдэх хууль болох юм.

Аргентин, Болив, Босни ба Херцеговина, Эквадор, Эл Салвадор, Монгол, Португал, Словак, Испани болон Уругвай гэсэн 10 улс протоколд гарын үсэг зурж, баталсан бол Армен, Азербайжан, Бельги, Буркино Фасо, Кепи Вэрдэ, Чили, Конго, Коста Рика, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Финлянд, Франц, Габон, Гана, Гватемал, Гвинеи Бисау, Ирланд, Итали, Казахстан, Люксембург, Мадагаскар, Малдив, Мали, Монтенегро, Нидерланд, Парагвай, Сенегал, Словени, Соломоны арлууд, Зүүн Тимор, Того, Украйн Венесуэл гэсэн 32 улс гарын үсэг зурсан ч батлаагүй аж.

Дэлхийн 160 гаруй улс орон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт(ЭЗНСЭОУП)-д нэгдэн орсон бөгөөд энэ нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалж, дэмжих гол суурь билээ. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдэд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, эрүүл мэнд, ариун цэвэр, орон сууц, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах, соёлын арга хэмжээнүүдэд оролцох гэх мэт эрхүүд багтдаг юм. Пактад нэгдэн орсон улсууд олон улсын хуулийн дагуу хүн болгоны эрхийг ялгаварлан гадуурхалгүйгээр хүндэтгэж, хамгаалагдаж, биелэгдэх нөхцлийг хангах үүрэгтэй.

Эмнести Интернэшнл нь “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт”-ийг дэмжих, дэлхий даяар 300 гаруй иргэний нийгмийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн ТББ эвслийн гишүүн бөгөөд сүүлийн 8 жилийн туршид улс орнуудыг протоколд гарын үсэг зуран, батлахыг уриалсан кампанит ажил өрнүүлж байна.

Энэхүү ажиллагаа нь Эмнести Интернэшнлийн “Хүнийг Хүндэл” кампанит ажлын нэг хэсэг бөгөөд ядуурлыг ихэсгэж буй хүний эрхийн зөрчлүүд дээр голчлон анхаарлаа хандуулдаг. Кампанит ажлын хүрээнд Эмнести Интернэшнл нь улс орнуудын Засгийн газрыг эдийн засаг, нийгэм, соёлын эрх нь зөрчигдөж буй хүмүүсийг эрхээ хамгаалуулах боломж, нөхцлийг бүрдүүлэх олон улсын шүүх, хүний эрхийг хамгаалах механизмаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтооход саад учруулж буй зүйлсийг арилгахыг Засгийн газруудад уриалан дуудаж байна.

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.
Эхийн эндэгдэл ихсэж буй шалтгаан нь ядуурал гэдэгтэй та санал нийлж байна уу?
Тийм
Үгүй
Мэдэхгүй
Саналаа өгөх

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 561646 дахь зочин боллоо.