ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 17/01/2017

Филиппин: Хууль тогтоогчид олон улсын өмнө хүлээсэн үүргээ сахиж, цаазаар авах ялаас татгалзах ёстой

Эмнести Интернэшнлээс Филиппин улсын хууль тогтоогчдыг олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж цаазаар авах ялыг сэргээх оролдлогыг эсэргүүцэхийг уриалж байна.

Филиппиний Конгрессын хурал 2017 оны 1-р сарын 16-ны өдөр эхэлсэн ба цаазаар авах ялыг сэргээх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Төлөөлөгчдийн Танхимын Хууль зүйн Хорооны дэргэдэх Шүүхийн Шинэтгэлийн Дэд Хорооноос 2016 оны 11-р сарын 29-нд баталсан хэд хэдэн саналыг нэгтгэсэн уг хуулийн төсөл нь цаазаар авах ялыг өргөн хүрээнд хэрэглэх тухай заасан. Цаазаар авах ялыг сэргээх нь тус улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ эрс зөрчиж байгаа хэрэг юм. Филиппин 2007 онд цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2-р нэмэлт протоколыг соёрхон баталсан. Эмнести Интернэшнлээс Филиппиний эрх баригчдад хандан цаашид тус улсын хүний эрхийн тайлан мэдээнд хар толбо үлдээж цаазаар авах ялыг сэргээхийн оронд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.  

141 улс орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халж, энэ ялаас татгалзаж байгаа улс орнуудын тоо нэмэгдсээр байгаа энэ цаг үед туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэлийг сэргээх оролдлого нь Филиппин улсыг дэлхийн чиг хандлагын эсрэг байгааг харуулж байна. Түүнчлэн тус улсаас хилийн чанадад цаазаар авах ялаар шийтгүүлсэн иргэдийнхээ ялыг өөрчлөхөөр нөлөөлөх боломжийг үгүй хийж байна. Филиппиний эрх баригчид улс төрийн шахалт, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж хилийн чанадад цаазаар авах ялаар шийтгүүлж буй иргэдийнхээ шударгаар шүүгдэх эрхийг хамгаалж байсан.

Филиппиний эрх баригчид цаазаар авах ял гэмт хэргээс сэргийлж, хохирогчдод шударга ёсыг авчирдаг хэмээн энэ ялыг сэргээж буйгаа зөвтгөхийг оролдож байгаад Эмнести Интернэшнл санаа зовинож байна.

Засгийн газрууд хүчирхийллийн болон бусад ноцтой гэмт хэргийн хохирогчдын эрхийг хүндэтгэн, хамгаалах үүргээ хэрэгжүүлэх явцдаа шударгаар шүүх, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл хэрэглэхгүй байх, эрүүдэн шүүхгүй байх болон аль ч санкц нь хоригдлыг нийгэмшүүлэх, засан сайжруулах ёстойг баталгаажуулах зэргээр бусад эрхүүдийг хамгаалах үүрэг хүлээдэг.

Цаазаар авах ял гэмт хэргээс сэргийлнэ гэсэн ямар ч баттай нотолгоо байдаггүй. Энэ ялыг халсан улс орнуудын статистикаас харахад цаазаар авах ял хэрэглэхээ зогсоосон ч ноцтой гэмт хэрэг өсөөгүй байдаг.

Эмнести Интернэшнл бүх тохиолдолд  цаазаар авах ял хэрэглэхийг эсэргүүцдэг ба туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл хэмээн үздэг. Ялгаварлан гадуурхах, алдаа мадаг гарах магадлалтай шүүх тогтолцооны улмаас оногдуулж, хэрэгжүүлж байгаа тохиолдолд буцаах боломжгүй ял шийтгэл юм.

Эмнести Интернэшнлээс Хууль зүйн Хорооны дэргэдэх Шүүхийн Шинэтгэлийн Дэд Хорооны гишүүд болон Конгрессоос хуулийн төслийг хүлээн авахгүй байхыг шаардаж байна.

 

Panic button
Эмнести Интернэшнл Хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдлыг хангаж Panic button гэх байршил тогтоогч программ гаргасан. МЭИ нь энэхүү програмыг гишүүд, дэмжигч нарт танилцуулан, хэрхэн гар утсандаа суулгаж ашиглах талаарх зааварчилгааг өглөө.

Хүний эрхэд ээлтэй сургууль

Эмнести Интернэшнлийн сургуулиудад хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын хөтөлбөр

Цаазаар авах ялын эсрэг

Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр ...

Хүнийг хүндэл

Хүний эрхийг хамгаалахын төлөө нэгдэцгээе!

Эрүүдэн шүүхийн эсрэг

Хорих, урьдчилан хорих газруудад эрүүдэн шүүх явдал гаргуулахгүй байхад хөндлөнгийн ...

Хүний эрхийн боловсрол

Хүний эрхийг хүндэтгэн биелүүлэх хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн өнөө үед хүний ...
Та манай 598146 дахь зочин боллоо.